Өрцийг нь цоо өшиглөсөн байсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Өрцийг нь цоо өшиглөсөн байсан гэв

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон ар гэрийнхэн нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймгаас хоёр жилийн хугацаанд дээрх цэргийн ангид татагдан очсон цэргүүдээс тав нь нас барсан бол тав нь ар гэрийнхээ асаргаанд байгаа аж. Эл асуудлаар ар гэрийнхэн нь Хилийн цэргийнхэнд хандаж байсан ч хариу өгдөггүй, мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2013 оноос эхэлж Хууль зүйн яаманд гурван удаа, Хилийн цэрэгт нэг удаа тус бүр албан бичиг явуулж байсан. Эцэст нь цэргүүдийн ар гэрийнхэн Хилийн цэргийнхэнтэй уулзуулж өгөх хүсэлт тавьсан тул Ц.Даваасүрэн гишүүн хоёр талыг оролцуулсан уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан байна. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн “Уг уулзалтад Хилийн цэргийнхэн оролцоод цэргүүдийн ар гэрийнхнээс уучлал гуйсан. Гарч яваад хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ эдгээр хүмүүсийг хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Хилийн цэргийнхний нэр хүндийг гутаалаа” гэсэн нь хариуцлагагүй явдал. Уг уулзалт бодит баримтан дээр үндэслэгдэж яригдсан. 2015 оны тавдугаар сард 0311 дүгээр ангид хуваарилагдсан залуусаас 2 нь амь үрэгдсэн байгаа. Цэл залуухнаараа 21, 19-тэйдээ эндсэн байхад суурь өвчтэй гээд мэдэгдэл хийгээд хэнэггүй сууж байдаг юм. Хоёрхон жилийн дотор татагдсан цэргүүдээс тав нь эндэж, тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байна. Асуудал хүнд байгааг холбогдох газарт нь мэдэгдэж, арга хэмжээ авч анхаарахыг хүссэн, юу ч хийгээгүй, энэ хооронд хоёр цэрэг эндсэн” гэж тэрээр мөн хэллээ.

Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга энэхүү хэвлэлийн бага хуралд оролцов. Тэрээр “Цэрэг татлага, халалтыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хариуцдаг. Маш хүнд, эцэг, эхчүүд одоо “Эрүүл гэсэн эмчийн бичигтэй хүүхдээ л хүлээж авна” гэдэг болсон. Ренчинлхүмбэ сумаас 0311 дүгээр ангид татагдсан цэргүүдээс тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байгаа. Тэдний нэг нь цэргийн албанд байхдаа ар гэр рүүгээ утсаар ярьж “Одоо надад бүтэн эрхтэн үлдсэнгүй, зодуур их байна, дэг их байна” гэж ярьсан байдаг. Ийм яриа сонссон учраас эцэг, эх нь сумын Засаг даргын Тамгын газарт хандсан, би аймгийн Цэргийн штаб, аймгийн Засаг даргад хандсан.

Мөн цэрэгт татагдаад удаагүй байсан хүүхдийг нь өвдлөө гээд цэргийн ангиас ярихад нь ар гэрийнхэн нь очсон, гэтэл өрц нь цоорсон байсан. Өрцийг нь цоо өшиглөсөн байсан гэсэн. Тэрээр цэргийн алба хаасан нэг жилийн хугацааныхаа долоон сарыг нь эмнэлэгт байж, хаасан. Халагдаад ирснийх нь дараа эмчийн нарийн үзлэгт оруулахад юу ч хэлдэггүй. Бодит байдал ийм байгаа. Бид 1000 гаруй км-ын цаанаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын нэр хүндийг зохиомлоор гутаах гэж ирсэн юм биш. Асуудлыг анхаарч засахгүй бол эрдэнэт хүний амь эрсдэж, хүнд өвчин тусч байгаа учраас зохих хүмүүстэй нь уулзаж бодит үнэнийг хэлж арга хэмжээ авахуулах гэж л ирсэн” гэсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж