НЭМЭЛТ: 16:30 ЦАГ
Улсын онцгой комиссын хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаас хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нөгөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өглөөний 06:00 цагт нээх шийдвэр гаргасан байна. Мөн Улаан Үд, Эрхүү хотын чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл түр хязгаарлалаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр УОК өнөөдөр найм дахь удаагаа хуралдлаа. Орон нутгийн замын хөдөлгөөнийг нөгөөдөр 06.00 цагт нээхээр болсон. Ингэлээ гээд анхаарлаа сулруулж байгаа гэсэн үг биш, хяналтын зэрэг нэмэгдэнэ гэсэн үг.
Иргэд олон нийт шаардлагагүй тохиолдолд орон нутаг, улс хооронд зорчихгүй байх, мөн хууль хяналт мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа хяналт шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд халуурч байгаагаа нууж дарагдуулах гэх мэт зөрчил ихээр гарсныг энд онцолмоор байна.
Нүүрс, газрын тосны экспортын бэлэн байдлыг хангаж, экспорт эхлүүлэх хугацааг УОК-оос гуравдугаар сарын 15-ны өдөр гэж тодорхойлсон. Замын-Үүдээр нүүрсийг чингэлгээр, төмөр замаар экспортлох ажлын бэлтгэл ажлыг ч мөн хангаад дуусч байна. Хэрэв бэлтгэл ажил хангагдвал заавал гуравдугаар сарын 15-ны өдрийг хүлээхгүйгээр наана нь экспортоо эхлүүлэх бүрэн боломжтой.
Мөн Улаан Үд, Эрхүү хотын чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл түр цуцалж байна. Ингэснээр коронавирусийн эрсдэлтэй бүс болох БНСУ, Японоос ирж байгаа иргэд зорчигчид агаарын, төмөр зам, авто замын гэсэн гурван урсгалаар л монголд орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсын иргэдэд л үйлчилнэ.
Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 14 хоног тусгаарлагдан ажиглалтад байна гэдгээ мартаж болохгүй. Одоогийн байдлаар БНСУ, Итали, Иран, Япон нь коронавирусийн хамгийн эрсдэл өндөртэй улсаар нэрлэгдээд байна. Тиймээс халдварын голомтоос ирэх гадаад хүмүүсийг нэвтрүүлэхгүй. Тусгаарлах байрны хувьд цэргийн эмнэлэг болон Батлан хамгаалах яамны харьяанд байдаг амралтын газарт250 орыг нэмж гаргах бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлаар тусгаарлах байр болон гадаад улс оронд амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ болон нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүд яригдах аж. Хурлын дараа хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл хийх юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ