Хар тамхины хэргээр 4 эмэгтэйг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргээр 4 эмэгтэйг саатуулжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс өчигдөр /11.04/ хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй 24-28 насны дөрвөн эмэгтэйг шалгаж эхэлжээ. Анхны шинжилгээгээр хоёр нь хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул баривчилж, хэрэг үүсгээд байгаа юм байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх иргэдээс их хэмжээний "мөс" гэх мансууруулах төрлийн бодис илэрсэн тухай ЦЕГ-аас мэдэгдлээ. Мөн энэ сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагт валютын ченжийн аминд хүрсэн хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр тус аймгийн цагдаагийн газрынхан шуурхай ажиллаж, сэжигтэнг олж, саатуулан шалгаж эхэлсэн байна. Сэжигтэнийг баривчлах үед хохирогчийн гэрээс алдагдсан байж болзошгүй 40 гаруй сая төгрөг олджээ.

2015 оны эхний 10 сарын байдлаар хар тамхины 50 гаруй хэрэгт 20-35 насны 117 хүн холбогдож, мөрдөн байцаалтын ажил үргэлжилж буй аж. Харин цахим гэмт хэргийн тухайд 2012 оны долдугаар сараас хойш 31 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дээрх гэмт хэрэгт өртөж, хохирлын хэмжээ нь ойролцоогоор 1.8 тэрбум төгрөгт хүрчээ.

Интернэт шуудангийн луйврын гэмт хэргийг Малайз, Англи, Филиппин зэрэг улсын иргэд үйлддэг байна. Гадны луйварчид ихэвчлэн гадны улс оронтой хууль эрх зүйн орчинд харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, хамтын ажиллагаа байдаггүйг ашигладаг. Энэ нь эргээд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгалт явуулахад хүндрэлтэй байдаг гэж ЦЕГ-аас мэдээллээ. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд үл таних гадаад иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцахгүй байх. Банкны мэдээллээ солилцохгүй байх шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж