ЭМЯ: Дотуур байруудыг тусгаарлах байраар ашиглахаар судалж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Дотуур байруудыг тусгаарлах байраар ашиглахаар судалж байна

ЭМЯ: Дотуур байруудыг тусгаарлах байраар ашиглахаар судалж байна

Эрүүл мэндийн  яамнаас өнөөдөр /2020.03.01/ шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 оронд 87 мянган хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд БНСУ болон Япон улсад тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байсан юм.

Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд лабораторийн шинжилгээ, тандалт судалгаа хийх арга хэмжээнүүд авчээ. Дээрх 227 сэжигтэй тохиолдлын дунд гадаадын зарим иргэд ч цөөнгүй байсан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй 16, ажиглалтад 309 хүн байгаа аж. Тодруулбал, ХӨСҮТ-д 88, Цэргийн төв эмнэлэгт 65, улсын хоёрдугаар төв эмнэлэгт 9, “Асралт мед” эмнэлэгт 32, Жаргалантын аман дах ОБЕГ-ын сургалтын төв дээр 41 хүн, бусад үлдсэн хүмүүсийг хөдөө орон нутгийн эмнэлэгт тусгаарлажээ. Цаашид амралтын газар, их дээд сургуулиудын дотуур байруудыг тусгаарлах байраар нэмж ашиглах асуудлыг албаны хүмүүс судалж байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Дорнод аймагт тусгаарлагдсан нэг тохиолдол буюу нийт таван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д таван тохиолдол тусгаарлагдаж, лабораторийн үзлэг, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн хоёрдугаар сарын 28-нд нийт 52 хүн ажиглалтад ороод байна. Ажиглалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, ачаалал ихсэж байгаа учраас ажиглалтад авах газрууд хэрэг болж, нэмэгдэх шаардлагатай байна" гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн Баасан гариг (2020.02.28) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын бүсийн эрүүл мэндийн сайдуудын цахим хурал болсон. Энэ үеэр коронавирусийн дэгдэлтийн нөхцөл байдал өөрчлөгдөж гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархаж байгааг онцолсон.

ДЭМБ-ын зүгээс өгч байгаа гол зөвлөмж нь”Нийт хүн амд чиглэсэн зөв мэдээлэл хамгийн чухал. Мэдээллийн урсгал зөв байвал иргэд үнэн бодит мэдээллээр хангагдана. Үүнээс гадна иргэдийн сэтгэлзүйн бэлтгэлийг маш сайн хангаж, тэдний нийгмийн оролцоог сайжруулж гэрт нь тусгаарлан өөрийгөө ажиглахад иргэдийг сургах шаардлагатай байна. ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмжүүдийг сайн хэрэгжүүлснээр өөрийгөө хамгаалж чадна гэдэг итгэл үнэмшлийг иргэдэд төрүүлэх нь хамгийн чухал” гэж байсан.

Мөн коронавирусийн эсрэг вакцин гаргахад 12-18 сарын хугацаа шаардагдана гэдгийг ч хэлсэн. БНСУ түргэвчилсэн оношлуурыг хийж буй бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд нь бусад улс орнуудыг түргэвчилсэн оношлуураар хангах боломжтой гэж байсан. Тиймээс бид БНСУ-аас гадна БНХАУ, ОХУ-аас түргэвчилсэн оношлуур авна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж