АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Засгийн газар өчигдөр /2020.02.29/ мэдээлжээ. Нас барсан өвчтөн нь Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байсан аж. Иймд Вашингтон мужид онц байдал зарлажээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 62 болоод байна.
Мөн тус улсад зарим өвчтөнүүд тодорхойгүй эх үүсвэрээс буюу ойрын хугацаанд гадаад оронд аялаагүй, албан ёсоор бүртгэгдсэн халдвартай хүмүүстэй ойр байгаагүй хүмүүс халдвар авч байгаа нь түгшүүр дагуулж буй юм.
Цаг үеийн байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын үед АНУ-ын эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагыг Цагаан ордонд урьж, Covid-19 вирусийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж авах боломжийн талаар хэлэлцэхээр болжээ.
Коронавирусийн талаар бусад цаг үеийн мэдээллүүд:
- АНУ-ын зүгээс Иран, Итали, Өмнөд Солонгосоос ирж буй иргэдэд хилийн хориг тавив. Үүнд сүүлийн 14 хоног дээрх улсуудад зорчсон түүхтэй гадаадын иргэд ч мөн хамаарна.
- Италид нийт халдварын тоо 1,128, нас барагсдын тоо 29 болов. Тус улсын хувь халдварын голомт болоод буй Ломбарди хотод халдвар авсан хүмүүсийн 10 хувь эмнэлгийн ажилтнууд байна.
- Дани, Румын, Грек, Швейцарь, Австри, Бразил, Эквадор улсуудад анхны тохиолдол бүртгэгдэв.
- Хятад улсад 24 цагийн дотор 35 хүн нас барж, 573 шинэ тохиолдол бүртгэгдэв. Тус улсад нас барсан болон шинээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Хубэй мужийн иргэд байна.
- Япон улсад өнөөдрийн байдлаар 241 хүн халдвар авч, 32 хүн эдгэрч, таван хүн нас барсан байна. Харин тус улсад хөл хорионд орсон “Diamond Princess” хөлгийн 705 зорчигч халдвар авсны 10 нь эдгэрч, дөрвөн хүн нас барсан юм. Тус улсын Засгийн газраас энэ сарын 2-ноос ирэх сарын 2-ны өдрийг хүртэл бүх сургууль цэцэрлэгийг хаах шийдвэрийг гаргажээ.
- Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 86,500 болсны 79,824 нь зөвхөн Хятад улсын иргэд байна. Харин нас барагсдын тоо дэлхийд 2,976 байгаагийн 106 нь Хятадын эх газраас бусад улс орнуудад бүртгэгджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ