Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 23:25 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүлжээ.
Эдгээр иргэдийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн, зургаан иргэнийг Алтанбулаг дах Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.
Дашрамд дурдахад, өчигдөр БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх өгүүлэмжтэй долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны хоёр жолооч, нийт 33 иргэнийг Алтанбулаг сум дах Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад буй юм.
Э.БУРАМ