ЗХ-ний хөгжлийг тодорхойлсон бичиг гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

ЗХ-ний хөгжлийг тодорхойлсон бичиг гэв

Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яамнаас өнөөдөр /2015.11.05/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Батлан хамгаалах их сургуулийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг нар оролцов.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд аливаа улс аюулгүй байдлаа хангах, эх орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлдэг. Энэ жишгээр Монгол Улс 1998 оноос “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх шаардлагатай болсон юм. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцээд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” болгон өөрчилж баталлаа.

Нийт 4 бүлэг, 32 зүйлтэй энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар батлан хамгаалах салбарын эрх зүйн тулгуур үндэс шинэчлэгдэж, үүнийг дагалдан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үндэс тавигдаж байгаа юм. Энэ чиглэлээр байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дурдав.

Мөн тэрээр Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно гэдгийг тэмдэглээд бодлогын баримт бичгийн онцлогийн талаар зарим зүйлийг тодотгов. Тухайлбал, өмнөх баримт бичигт зэвсэгт түрэмгийлээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон, зэвсэгт хүчнийг бэлтгэх, ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүдийг гол болгож тусгасан бол шинэчлэгдсэн баримт бичигт батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлж, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах, батлан хамгаалах асуудал нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэхээр тусгасныг онцоллоо.

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бодлогын шинэ баримт бичгийн нэг онцлог нь батлан хамгаалах бодлогын эдийн засаг, нийгмийн чиглэлийг илүү өргөн хүрээнд, тодорхой болгож томьёолсон явдал юм. Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхыг бүрдүүлэх, батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасныг дурдлаа.

Харин хэвлэлийн бага хуралд оролцсон Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр энэхүү бодлогын шинэ баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар тодорхойлсон. Түүнчлэн төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, тус тусын хуулиар бие даасан үйл ажиллагаа явуулах юм. Харин дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр заасан. Мөн зэвсэгт хүчин нь бүтцийн хувьд Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр тодорхойлсон тухай дурдав.

Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон Батлан хамгаалах их сургуулийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг батлан хамгаалах бодлогын энэ баримт бичигт батлан хамгаалах төрийн бодлогыг улс орныхоо болон дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдуулан шинээр авч үзсэний зэрэгцээ зэвсэгт хүчний хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлсноороо чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг онцолсон юм.

Хэвлэлийн бага хуралд оролцогчид дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж