Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй хөлбөмбөгийн лиг болох Английн Премьер лигийн 28-р тойргийн тоглолтууд өчигдөр /2020.02.29/ эхлэв. Энэ тойргийн хамгийн сонирхолтой, олон хүний таамгийг эвдсэн гайхмаар үр дүн Вигераже Рөүд цэнгэлдэх хүрээлэнд тохиолоо. Тус цэнгэлдэхэд талбайн эзэн Уотфорд болон лигийг тэргүүлэгч Ливерпуль багуудын тоглолт болж өнгөрөв.
Ихэнх хүмүүс Ливерпуль багийг энэ улиралд нэг ч хожигдолгүй Английн Премьер лигт түрүүлж, 2003-2004 оны улиралд Арсенал багийн үзүүлж байсан түүхэн амжилтыг давтаж, алтан цомын эзэд болно хэмээн бодож байсан. Гэвч Английн Премьер лигийн доошоо унах 19-р байранд бичигдэж байсан Уотфорд баг гэнэтийн бэлэг барьж Английн Премьер лигт 44 тоглолт дараалан хожигдол хүлээгээгүй байсан Ливерпулийг 3-0 гэсэн харьцаатай хожлоо.
Тус тоглолтод Ливерпуль баг 71 хувьтай бөмбөг эзэмшиж байсан ч хаалга руу ердөө долоо цохиж ганц нь хаалгаа оножээ. Харин талбайн эзэд Уотфорд баг 29 хувьтай бөмбөг эзэмшиж байсан ч Ливерпулийн хаалга руу 14 удаа цохиж, 5 нь хаалгаа онож, 3 нь гоол болжээ. Тоглолтын хоёрдугаар үеийн 54, 60 дах минутад Сенегал жигүүрийн довтлогч өдгөө 22 настай Исмайла Сарр гоолдсон бол сүүлийн гуравдах гоолыг Англи довтлогч Трой Дини 72 дох минутад оруулж багаа ялалтад хөтөллөө.
Ингэснээр доод лиг рүү унах аюултай байсан Уотфорд 27 оноотой болж хүснэгтийн 17-р байранд бичигдэж эхлэв. Харин Ливерпуль баг 2019 оны нэгдүгээр сард Манчестер Сити багт хожигдсоноосоо хойшхи анхныхаа хожигдлыг жилийн дараа хүлээлээ. Гэвч Ливерпуль баг 79 оноотой ардаа Манчестер Сити багаас даруй 22 онооны илүү Английн Премьер лигийг илт илүү тэргүүлж байна.
Холбоотой мэдээ