“Үндэсний хуримтлал” үүсгэх нөхцөл бүрдэв

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

“Үндэсний хуримтлал” үүсгэх нөхцөл бүрдэв

Өнөөдөр Монголд авсан цалингийнхаа дийлэнхийг автомашиныхаа лизингэд хураалгадаг иргэн хэд бол. Магадгүй дундаж давхарга буюу олонх нь ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Учир нь бид буруу замаар будаа тээсээр, эцэст нь ийм байдалтай золгожээ. Орон сууц, автомашин бүгдийг зээлээр авдаг. Шаардлагатай үед зарцуулах хангалттай бэлэн мөнгөгүйгээс тэр. Харин сар бүр цалингийнхаа багахан хэсгээр хуримтлал үүсгэх дадал суухад энэ асуудлыг шийдвэрлэж болох аж.

Mанай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ бий. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэх судалгаа гарчээ. Иймээс эдийн засагчид хуримтлалыг өөрийн ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж үздэг юм. Улмаар “Үндэсний хуримтлал” үүсгэх замаар улс орны эдийн засагт хувь нэмэр болно. Ийнхүү айл өрх, улс орон маань үндэсний хуримтлалтай болсноор эдийн засгийн хямралд өртөх эрсдэлээс сэргийлж, мөнгөн урсгалыг дотооддоо хадгалж, эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх учиртай юм.

Тэгвэл санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкныхан энэ асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна. Тус банк, Монголбанктай хамтран хуримтлалыг нэмэгдүүлэх “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Голомт банк санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.com сайт болон бусад мэдээллийн хэрэгсэл, арга хэмжээнүүдээр дамжуулан иргэдэд хуримтлалын ач холбогдол болон хуримтлалыг хэрхэн бий болгох арга ухааныг таниулан ойлгуулж, иргэдийг хуримтлалтай болоход дэмжлэг үзүүлэх болов.

Энэ нь улс орны эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих томоохон алхам гэдгийг эдийн засагчид тодотгож буй. Нөгөө талаар  монгол хүн бүр хуримтлалтай, түүгээрээ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг нээж өгч байгаа юм. Олон улсад хуримтлал үүсгэх замаар эрсдэлийг удирдах нь шалгарсан аргад тооцогддог.

Тухайлбал, Хятадын дундаж давхаргын иргэд “Засгийн газрын урт хугацааны бодлогод итгэл муутай байдаг. Ирээдүйгээ баталгаатай болгохын тулд аль болох ихийг хуримтлуулдаг” гэжээ. Харин манайд хуримтлал үүсгэх дадал зуршил тогтоогүйн улмаас өрийн сүлжээ үүсээд байгаа юм. Ямар ч хүн бүх төрлийн эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй тул аль болох түүнийг багасгах арга замыг хайх хэрэгтэй. Ихэнх хүмүүс эрсдэлээс сэргийлэхийн тулд зөвхөн даатгалд хамрагдах хэрэгтэй гэж боддог. Гэвч даатгал нь эрсдэл, тодорхойгүй байдлыг зохицуулах цорын ганц арга зам биш бөгөөд хуримтлал нь өөрөө өөрийгөө даатгах төгс арга хэлбэр байдаг. Улмаар хуримтлал үүсгэхийн сацуу мөнгөө давхар өсгөх ч боломжтой.

Өнөөдөр арилжааны банкны хадгаламж жилийн 15-18 хүүтэй байна. Энэ нь таны хадгалуулсан мөнгө жил тутамд 20 хувиар өснө гэсэн үг.  Мөн мөнгөө банкинд хадгалах нь хамгийн эрсдэлгүй найдвартай арга. Та аль ч банкинд мөнгөө хадгалуулсан таны 20 сая хүртэлх мөнгөн хадгаламж Хадгаламжийн даатгалын корпорацийн даатгалаар хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, банкууд харилцагч бүрийнхээ өмнөөс 20 сая хүртэлх мөнгөн хадгаламжийг даатгалд хамруулсан учраас аливаа эрсдэл учирсан тохиолдолд харилцагч бүр банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламжаа эргүүлэн авах боломжтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж