Гуравдугаар сарын сүүлээр Мөнгөний бодлогын хороо хуралдах тов зарлаад байв. Гэвч Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус хорооны хурлын товыг урагшлуулж, энэ сарын эхээр хийх болсон талаар мэдээлсэн билээ. Энэ удаагийн хурлаар одоо 11 хувь байгаа Мөнгөний бодлогын хүүг бууруулах санал оруулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулах санал оруулсан ч Мөнгөний бодлогын хороо хэвээр үлдээсэн юм. Төв банк мөнгөний бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү буурч, эдийн засгийг дэмжинэ гэж үзжээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 11 хувьд, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэр гаргасан билээ.
Эдийн засагчдын үзэж буйгаар мөнгөний бодлогын хүүг бууруулснаар инфляци зорилтот төвшинд хадгалагдана гэсэн төсөөлөл байгаа аж. Мөн банкны салбарын эх үүсвэрийн өртөг буурч, түүнийг дагаад банкны салбараас гарах зээлийн хүү буурна гэсэн үр дүнг хүлээж буй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулах таамаглал байгаа ажээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн эрч өнгөрсөн 2019 онд суларч, 5.1 хувь руу буурч, инфляц сүүлийн саруудад төв банкны зорилтот түвшнээс 3 орчим нэгж хувиар доогуур байгаа юм.
Шинэ коронавирусийн эрсдэлээс үүдэн нүүрс, газрын тос зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогссон. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үед 4 сая тонн нүүрс гаргасан бол одоогоор 2.7 сая тонн гаргаад буй юм. Засгийн газар энэ сарын 15-наас эхлэн нүүрс, газрын тосны экспортыг сэргээхээр шийдсэн билээ. Энэ хүрээнд халдвар, ариутгал зэрэгт анхаарч, хорио цээрийн дэглэмийн дагуу ажиллах юм байна.
Эдийн засагчдын дийлэнх нь төсөвт яаралтай тодотгол хийхийг шаардаж буй. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулах боломжтой. Төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй, хөрөнгө оруулалтаар эдийн засгаа дэмжинэ гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед төлж чадаагүй татвар, нийгмийн даатгалын шимтгэлд алданги, торгууль тооцохгүй байх хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцэн шийдүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэрэгжсэн хугацаанд түрээсийн орлогод ногдуулах татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Гэхдээ түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд хуулийн заалт үйлчилнэ гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусийн хорио цээртэй холбоотойгоор гуравдугаар сард ирэхээр төлөвлөж байсан ОУВС-ийн ажлын хэсэг ирж амжихгүй болжээ. ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд Монголын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн зэрэг сайн үр дүн гарсан. ОУВС зургадугаар шатны үнэлгээг хийж байж дараагийн санхүүжилтээ олгоно.
Сангийн яам энэ онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол руу 1.3 их наяд орчим төгрөг орж ирнэ гэсэн тооцооллыг төсөвт тусгасан. Харин тавдугаар сард хөтөлбөр дуусвал үлдсэн санхүүжилт буюу урт хугацаатай, хүү багатай мөнгөний цуваа Монголд орж ирэлгүй ОУВС-гийн хөтөлбөр санхүүжилт бүрэн биелэлгүй өндөрлөж болзошгүйг эдийн засагчид өгүүлж байна.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ