Урд хөршөөс гаралтай коронавирусийн халдвараас хүүхэд, залуусаа хамгаалах үүднээс Монголын боловсролын салбар танхимын сургалтаас “гэр сургууль” руу шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Улсын онцгой комисс нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн гэлтгүй бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоосон. Дээрх хугацааг хоёрдугаар сарын 19-ний өдөр Засгийн газар дахин 28 хоногоор сунгах шийдвэр гаргасан билээ.
Хувийн сургуулиудад суралцагчдын эцэг эхчүүд хөл хорио тогтоосон энэ үед сургалтын төлбөрийг буцаан олгох, эсхүл дараа жилийн төлбөрт нь шингээх хүсэлтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 94 хувийн сургууль хичээллэж байна.
Дээрх асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Хувийн сургуулийн төлбөрийн асуудлыг боловсролын яам хариуцахгүй. Тухайн сургуулийн захиргаа нь хариуцна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаал гарч төр, хувийн хэвшлийн гэлтгүй бүх сургууль цахимаар хичээллэж байна. Энэ үйл явцад хяналт тавихаар яамныхяналт шинжилгээний үнэлгээний газар долоо хоног бүр явцын тайлангаа гаргаад явж байна” гэлээ.
Хувийн сургууль дундаа төлбөр өндөр гэгдэх “Орчлон”, “Улаанбаатар элит” болон “British school of Ulaanbaatar” сургуулийн албаны хүмүүстэй холбогдоход “Тодорхой хариулт өгөх боломжгүй. Багш нар цахимаар хичээлээ зааж байгаа учраас төлбөрийг буцаан олгох эсэх нь эргэлзээтэй" гэх байр суурь илэрхийлж байсан юм. Ямартай ч гуравдугаар сарын 30-ны өдөр хичээл орохоор сургуулийн удирдлагууд энэ асуудлаар хуралдан эцсийн шийдвэрээ гаргах аж.
Э.БУРАМ