“Хилийн чанад дах монголчуудын зөвлөл"-өөс санаачлан коронавирусийн халдвар тархаад буй БНСУ-д байгаа монгол иргэддээ зориулан 300 ширхэг амны хаалт, мөн Бусан дах Монгол Улсын Консулын газарт 100 ширхэг амны хаалт хандивласан байна.
Энэхүү хандивыг “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулжээ.
ЭСЯ уг хандивын 300 ширхэг амны хаалтыг БНСУ-ын Умард Гёнсан мужийн Гёнсан хот дах Тэгү их сургуулийн оюутны холбооны удирдлагад даруй хүргүүлэхээ мэдэгдсэн байна.
Монгол Улсын ЭСЯ, төрийн байгууллагууд онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, мөн БНСУ дах манай иргэд, БНСУ-ын Засгийн газар, ард иргэд бүх хүчээ дайчлан дор бүрнээ хичээн зүтгэж буй энэ хүнд цаг үед дэмжлэг туслалцаа үзүүлж буй “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”, БНСУ дах "Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдлага, нийт гишүүдэд ЭСЯ-наас чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа манай зарим иргэдийн зүгээс сайн дураараа ЭСЯ-ны ажилд туслах санал, санаачилга гаргаж буйд гүнээ талархаж буйгаа мэдэгдсэн байна.
Д.ТУЯА