Сирийн Идлибт сүүлийн 24 цагийн дотор үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн Анкара Оростой дайтахад бэлэн хэмээн мэдэгдлээ. Оростой хамтарсан Сирийн хүчний агаарын дайралтад Туркын 33 цэрэг өртөж, амиа алдсанд Туркын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зөвлөх Туркын аюулгүй байдал, гадаад бодлогын газрын гишүүн Месүт Хакки "Бид өмнө нь Оростой 16 удаа байлдаж байсан. Дахиад байлдсан ч чадна" хэмээн мэдэгджээ.
Тэрбээр ОХУ дахь лалын шашинтнуудыг онцлоод, Орос орныг дотроосоо нуран унаж, Анкарагийн эсрэг зэвсэг барьж тэмцээд ч барахгүй хэмээв. Харин НАТО Турк дэх гишүүнийхээ хүсэлтийн дагуу өчигдөр /2020.02.28/ яаралтай хуралдаж үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцлээ. Ийнхүү Турк дэх албан тушаалтнууд Дамаскад шанг нь хүртээхээ амлав.
Харин энэ үед Москвагийн талаас Сирийн арми Аль-Кайдагийн Сири дэх салбар Хаяат Тахрир Аль-Шам бүлэглэлийнхэнд шийтгэлийг нь амсуулж байсан бөгөөд Анкара өөрсдийнх нь цэрэг тус алан хядагч бүлэглэлтэй ойрхон байгааг сануулаагүйн улмаас цэргүүд нь бөмбөгдөлтөд өртсөн хэмээн тайлбарлажээ.
Идлиб Сири дэх Засгийн газрын эсрэг хүчнийхнээр удирдуулж буй сүүлийн газар бөгөөд тус хэсэгт сүүлийн долоо хоногт байдал эрчимтэй хурцдаж байгаа билээ. Учир нь Анкарагийн зүгээс Дамаск алан хядагчдыг устгах нэрээр энгийн ард иргэдийг цугт нь бөмбөгдөж байна хэмээн буруутгаж, нөгөө талаас Орос өөрийн байр сууриа Турк Идлибийг алан хядагчдаас чөлөөлөх амлалтдаа хүрээгүй учраас хэмээн хамгаалж байгаа билээ.
Орос, Турк хоёр түүхэндээ 16-р зуунаас хойш хэд хэд дайтаж байсан бөгөөд хамгийн сүүлд дэлхийн нэгдүгээр дайны үеэр байлдаж байжээ.
Эх сурвалж: rt.com cnn.com
Холбоотой мэдээ