Ирэх долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүд

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүд

Ирэх долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүд

Ирэх долоо хоногт шүүхээр хэлэлцэх дуулиант хэргүүдийг тоймлон хүргэж байна.


ХОРИХ АНГИД АМИА АЛДСАН Л.БЯМБАА АГСНЫ ХЭРЭГТ ДӨРВӨН ХҮНИЙГ ШҮҮНЭ

Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан.

Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.

Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

“ТОДКАННАМ” ЭМНЭЛЭГТ АМИА АЛДСАН БҮСГҮЙН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Эргэн сануулахад, "Тодканнам" эмнэлэгт 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан юм.

ШИНЖЭЭЧ НАРЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ШҮҮНЭ

Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 02-ны 16.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

З.БАЯНСЭЛЭНГИЙГ ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР ШҮҮНЭ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 4-нд болно. Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09:00 цагт товлогдсон байна

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж