Олон нийтийн цахим сүлжээнд шинэ коронавирусийн халдварын талаар худал мэдээлэл тараасан иргэнд холбогдох албаныхан хуулийн хариуцлага тооцжээ. Баянзүрх дүүрэгт оршин суугч иргэн Г нь энэ сарын 13-нд өөрийн фэйсбүүк хаягаараа “Аймшигтай……….Манай хамаатан онцгой комисст ажилладаг. Вирус илэрснийг нууж байгаа юм бна…….” гэх мэдээлэл түгээснийг нь холбогдох албаныхан шалгаж, ор үндэслэлгүй, эх сурвалжгүй мэдээ болохыг нь тогтоожээ.
Тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заалтыг үндэслэн 150 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Б.ЦЭЦЭГ