Сирийн баруун хойд Идлиб мужид өчигдөр орой /2020.02.27/ тус улсын засгийн газрын зэвсэгт хүчин агаарын цохилт өгөх үеэр Туркийн армийн 33 алба хаагч амь үрэгджээ. Түүнчлэн тодорхойгүй тооны цэргийн алба хаагч шархдсан байна.
Үүнтэй холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкарад шуурхай хуралдаан зарлаж, Сирийн цохилтын эсрэг хариу арга хэмжээ авах тухай зэвсэгт хүчний удирдлагуудтайгаа хэлэлцжээ. Ингээд удалгүй Сири дэхь Туркийн зэвсэгт хүчин Ассадын цэргийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Энэхүү үйл явдал нь Турк, Сирийн зэвсэгт хүчний хооронд гарсан анхны томоохон тулгаралт бөгөөд нөхцөл байдлыг аюултай түвшинд хүргэж байгаа юм. Үүгээр зогсохгүй ОХУ, Туркийн зөрчлийг ч ил болгож байна. Учир нь ОХУ Сирийн Засгийн газрыг дэмжиж байгаа. Гэтэл Туркийн зэвсэгт хүчин Идлибт хяналтаа тогтоож, өөрийнх нь байрлалд халдахгүй байхыг Сирийн засгийн газарт анхааруулсаар ирсэн. Харин ОХУ, Турк хоёр Сирийн хямралд оролцогч өөр өөр талуудыг дэмждэг ч гал зогсоох асуудлаар хамтран ажиллаж байгаа нь асуудлыг улам зөрчилдөөнтэй болгож байна.
Уг мөргөлдөөний улмаас Турк улсын хүсэлтээр НАТО шуурхай хуралдаан зарлан, Идлиб дэх хямралын асуудлаар хуралдахаар боллоо.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ