Ромын Пап лам Францис Лхагва гаригт /2020.02.26/ Ватикан хотноо илтгэл тавьж, коронавирусийн аюулын эсрэг мөргөл үйлдэх үеэрээ ханиалгаж, бие нь чилээрхсэн байдалтай байгаа нь телевизийн шууд дамжуулалтын үеэр харагдсан юм. Удалгүй Папын төлөөлөгч Ромын Пап Францисын биеийн байдал тааруу байгаа тул бүх уулзалт, арга хэмжээг цуцалж байгаа мэдэгдсэн байна.
Тэрбээр илтгэлийн өмнө болон дараа амны хаалтгүйгээр сүсэгтэн олонтой биечлэн уулзаж, тэдэнтэй гар барин, хүүхдүүдийг үнсч байсан аж. Тиймээс зарим эх сурвалжууд католик шашны тэргүүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх таамгыг дэвшүүлэн мэдээлж байна. Гэхдээ Пап ламын зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.
Итали улсад сүүлийн хэдэн өдрүүдэд коронавирусийн халдвар хурдацтай тархаж, Европ тив дэх тархалтын голомт болоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 653 хүн уг халдвараар өвчилж, 17 хүн нас бараад байна. Халдварын тохиолдол огцом нэмэгдэж буй Иран, Саудын Араб, Өмнөд Солонгос зэрэг улс орнууд олон нийтийг хамарсан мөргөлийн арга хэмжээнүүдээ цуцлаад байгаа юм.
Эх сурвалж: The Times, New York Post
Холбоотой мэдээ