Коронавирусын эрсдэлээс сэргийлэх үүднээс иргэд, аж ахуй нэгжүүд сайн дураараа нэгдэж, хандив өргөсөөр байгааг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Мөн өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр иргэн Д.Доржпүрэв Эрүүл мэндийн яаманд 20 сая төгрөг хандивласан талаараа мэдээлэл хийлээ.
ИРГЭН Д.ДОРЖПҮРЭВ:
-Тахлын хэлбэртэй шинэ коронавирусийн мэдээлэл харж байхад өдөр ирэх тусам тархалт нь нэмэгдэж байна. Энэ тахлын эсрэг бид цөөхүүлээ ч гэсэн дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж бага ч гэсэн тус, дэм чухал гэж үзэж гэр бүлийн хүрээнд хандив цуглуулж эхэлсэн. Хандивын аянаа сар гаруй хугацаанд өрнүүлсэн. Тиймээс миний бие, гэр бүл, найз нөхөдтэйгөө нийлж хандив цуглуулсан. Энэхүү хандиваа халуун цэг дээр ард иргэдээ хамгаалж ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтнуудын хамгаалах хувцас авахад нэмэрлэж байна. Бидний өгч буй багахан хандив тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Хүн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүн бүр боломж бололцоогоороо төр засгийн байгууллагын халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүст тус дэм болоосой гэж хүсч, уриалж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:
-Халдварт өвчинтэй тэмцэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагч нарт иргэн, аж ахуйн нэгжүүд халуун аарц, амны хаалтаа бариад олноор ирж дэмжиж байна. Өнөөдөр иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл 20 сая төгрөг хандивлалаа. Бид Таны онцолж хүссэнээр тэргүүн шугаманд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангахад зарцуулна гэдгээ хэлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэв.
Ийнхүү хандив гардуулсны дараа Эрүүл мэндийн яамнаас иргэн Д.Доржпүрэвт талархлын батламж гарууллаа.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ