Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс аж ахуй нэгж, тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт үнэ төлбөргүй хийж байгаа. Гэтэл зарим аж ахуй нэгж өөрийн байгууллагын нэр байхгүй байна гэсэн шалтаг тавин ариутгал хийхээс татгалзах зөрчил гаргах болсныг Монголын Халдваргүйтгэл, ахуйн, шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав хэлэв. Тэрбээр “COVID-19″-ийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг үйл ажиллагаа нь ариутгал, халдваргүйжүүлэлт юм. Хорио тогтоосон нөхцөлд албан байгууллага, ААН 2-3 удаа ариутгал хийлгэх шаардлагатай байдаг. Дэглэм тогтоосон энэ үед ариутгалыг 14 хоногт нэг удаа хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байна” гэв.
Ариутгал халдваргүйжүүлэлтэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний 10 гаруй ААН хамрагджээ. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 орчим ажилчин хийж байгаа юм. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн Клорсент-17”, “Жавиолен”, “Гипохлорид кальци” зэрэг хлор агуулсан, ариутгалын дөрвөн төрлийн бодис хэрэглэж байгаа юм байна.
"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтэд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 108 сая төгрөг гаргаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ