Сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст улсын хэмжээнд нийт 527 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс 323 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирч, долоон хүн бэртжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилийн “Сар шинийн” өдрүүдтэй харьцуулахад Тээврийн цагдаагийн албанд иргэдээс ирсэн дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛЖЭЭ
Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы А/108 дугаар захирамжаар баар, цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 00:00 цаг хүртэл ажиллахаар болсон. Гэвч цаг хэтрүүлэн ажиллах, нууцаар PC тоглоомын үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчил гарсаар байна. Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн 1060 алба хаагч нийт 929 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгажээ. Шалгалтаар олон нийтийн үйл ажиллагаа явуулсан хоёр, цагийн хязгаар зөрчсөн хоёр, цахим тоглоом ажиллуулсан нэг нийт таван зөрчил бүртгэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 23, 24-нд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Сөүл плаза” төвийн 7 давхарт байрлах “Пастел” лоунж 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн мөн А/108 захирамжийг зөрчин цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан байжээ. Мөн энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн долдугаар хороо “Винус” баар цагийн хуваарь хэтрүүлэн 00:15 цагт ажилласан зэрэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2020.02.26-ны А/223-р захирамжийг зөрчин шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байсан Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах архи согтууруулах ундаагаар үйлчилсэн "GE GE", Энканто тауны "Манхайтан" зэрэг аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг илрүүлэн хариуцлага тооцохоор болжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ