ЗГ: Түрээсийн төлбөрөө бууруулбал татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

ЗГ: Түрээсийн төлбөрөө бууруулбал татвараас чөлөөлнө

Шинэ коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үеэр эдийн засгаа дэмжих, ямар бодлого арга хэмжээ авах талаар Засгийн газраас шийдвэр гаргалаа. https://news.mn/r/2267067/

Posted by News.mn on Thursday, February 27, 2020

НЭМЭЛТ: 13.20 ЦАГ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээг хэлэлцсэн байна. Засгийн газраас есөн заалт бүхий тогтоолын төслийг баталсан байна. Энэхүү шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Шинэ коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үеэр эдийн засгаа дэмжих, ямар бодлого арга хэмжээ авах талаар Засгийн газраас шийдвэр гаргалаа. Өнөөдөр есөн заалттай Засгийн газрын тогтоол баталлаа.

  • Нүүрс, газрын тосны ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлохдоо ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг сайтар авч, хорио цээрийн ариутгалын нөхцөлтэй гэх мэт зохицуулалттайгаар тээвэрлэлт хийх чиглэл өгч байна. Ачаа тээвэр хийж байгаа жолооч нар хамгаалалтын хувцастай байх, ариутгал хийгдсэн байх шаардлагатай.
  •  Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол алдагдал оногдуулдаг байсныг цуцлах чиглэл өглөө. Үйл ажиллагаа нь хэвийн аж ахуй нэгжүүдэд хамаарахгүй, үйл ажиллагаа нь хэвийн бус байгаа бол торгуул ногдуулахгүй байх хууль боловсруулах үүрэг өглөө.
  • Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд төвлөрсөн зах худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа үйлчилгээний чиглэлээр татвар төлөгчийн түрээсийг нэг удаа чөлөөлөх хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Гэхдээ түрээсийн төлбөрөө бууруулсан тохиолдолд үйлчлэх боломжтой.
  • Орлоготойгоо уялдуулж урсгал зардлаа уялдуулах шаардлагатай гэсэн Засгийн газраас тогтоол гаргасан. Мөн  2020 оны төсөвт тодотгол хийхгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлээд хийх чиглэл өгсөн. Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хэвийн үргэлжилнэ. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлт сайн байгаа.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Төвбанк бас ямар арга хэмжээ авах талаар Засгийн газраас чиглэл өглөө. 2016 оноос хойш Засгийн газар, Төвбанктай хамтарч, уялдуулж шийдвэр гаргаж ирсэн. Өнөөдөр Монголбанк хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авах ёстойг тогтоолд тусгасан. Монголбанк зөвхөн дотоодод болж байгаа эдийн засгийн хандлагыг харахаас гадна гадаад зах зээл дээр эдийн засгийн үзүүлэлтийг маш сайн нягталж байгаа. Төвбанкны тухай хуулиар Мөнгөний бодлогын хороог гуравдугаар сарын эхээр хуралдуулахаар төлөвлөсөн. Энэ хороогоор мөнгөний бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөнгөний бодлогын хүүг бууруулбал банк хоорондын төлбөр тооцоо нааштай болж, арилжааны банкнаас гаргаж байгаа зээлийн хүү буурах боломжууд бий болно.  Засгийн газар Монголбанктай хамтран цаашид богино хугацаанд эдийн засгаа хэрхэн бий болгох чиглэлээр төвлөрч ажиллаж байна. Мөн валютын ханш оны эхнээс 0,9 хувиар суларсан. Ханш тогтвортой байна гэж Төвбанк үзэж байгаа. Инфляциас давахааргүй, тогтвортой байна гэж үзэж байгаа.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зээлийн хүүг түр зогсоох, царцаах боломжууд бий юу гэдгийг иргэд их асууж байна?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Хуулийн хүрээнд Төвбанкны зүгээс арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Хэрэв зээлийн хүүг байхгүй болгоно гэвэл хадгаламжийн хүү байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр төр ямар нэг байдлаар нөлөөлөх боломж байхгүй.

-Үүсээд байгаа нөхцөл байдлаас болж улсын төсвийн орлого хэр зэрэг буурч байгаа вэ. Эдийн засгийн тооцооллуудаа хэрхэн тооцож байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Коронавирус эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг дээр дэлхийн бусад улс орны эдийн засагчдын судалгаануудыг үндэслэж бид шийдвэрээ гаргаж байгаа. Дэлхийн тэргүүлэх судалгааны байгууллагууд эдийн засагт нөлөө үзүүлэх хэлбэр нь огцом унаж, огцом сэргэнэ /W хэлбэрийн/ гэж хэлж буй. Тиймээс бид үүн дээр үндэслэж, Монгол Улсад авах эдийн засгийн бодлогын арга хэмжээгээ гаргаж буй. Харин нүүрсний хувьд өнгөрсөн жилийн өдийд дөрвөн сая тонн нүүрс экспортолж байсан. Харин одоо хоёр сая тонныг экспортолсон. БНХАУ-ын талаас ариутгалын өндөр түвшинд экпортыг үргэлжлүүлнэ гэдгийг Хятадын талаас мэдэгдсэн байгаа. Коронавирусийн халдвараас болж 210 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурсан байгаа.


НЭМЭЛТ: 10.00 ЦАГ

Засгийн газрын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар мөн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний талаар ‪Сангийн сайд Ч. Хүрэлбаатар шийдлүүд танилцуулах юм байна.

Түүнээс гадна  нүүрс, газрын тосны тээврийг тусгай горимоор / эрсдлээс хамгаалж / БНХАУ-руу экспортлохыг гуравдугаар сарын 15-наас үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэх аж.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.02.28/ 10.00 цагт болно. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор цаг үеийн асуудал хэлэлцэх юм байна.

Мөн өнөөдөр  12:00 цагт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж