1 тэрбумын зээлд гарын үсэг зурах эрх олгов

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

1 тэрбумын зээлд гарын үсэг зурах эрх олгов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээр тусгаснаар 1 тэрбум ам.долларыг Монгол Улс 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээлнэ. Эхний зургаан жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүний 827 сая ам.долларыг Эгийн гол цахилгаан станц төсөлд зарцуулах бол үлдсэнийг Мандалговийн цахилгаан станц төсөл, Эрдэнэтийн цахилгаан станцыг өргөтгөх төслүүдэд тус бүр зарцуулах аж.

Эрчим хүчний сайд Д.Зоригтын тайлбарлаж байгаагаар дээрх төслүүд хэрэгжсэн нөхцөлд Монгол Улсын эрчим хүчний хараат байдал арилна. Одоогоор Монгол Улс эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг ОХУ-аас импортолж нөхдөг. Ид ачааллын үед цахилгааны хүчдэл буурах горим алдагддаг. Энэ бүхэн арилна.

Мөн дээрх зээл нь төсөвт дарамт учруулахгүй, авсан газрууд нь олсон ашгаараа буцаан төлөх юм байна.

Эл зээлийн ерөнхий хэлэлцээрийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжин, Засгийн газарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Онцлоход, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороод мөн өнөөдөр хуралдаж, Хятадаас авах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг дэмжин санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн байсан юм.

Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хятад улсад төрийн айлчлал хийх үеэр талууд зурах юм. Айлчлал энэ сарын 9-11-нд үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж