Англи улсын спортын маркетингийн “Sportcal” агентлагаас дэлхийн спортлог орнуудын жагсаалтыг хоёр дахь жилдээ гаргахад ОХУ дахин тэргүүлсэн байна.
Өнгөрсөн жил спортлог орнуудын жагсаалтыг анх гаргахдаа 2009-2022 онуудын хооронд болсон, болох спортын 700 гаруй томоохон арга хэмжээний судалгааг гаргаж түүнийг иш үндэс болгосон байжээ. Үүнд ОХУ нь Сочи хотод Өвлийн олимпийн наадам, Казань хотод Зуны оюутны “Универсиад наадам, хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион явуулж 2016 онд хоккейн ДАШТ, 2017 онд хөлбөмбөгийн Холбоодын Цомын төлөө тэмцээн, 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ, 2019 онд Оюутны өвлийн “Универсиад наадам зэрэг томоохон спортын арга хэмжээг эх орондоо авахаар бэлтгэж байна. Дээрх хугацаанд ОХУ спортын дэлхий, тивийн хэмжээний 37 том арга хэмжээг зохион байгуулж 41352 оноо авсан байна.
ОХУ-ын ард Канад улс 40205 оноогоор хоёрдугаарт, Англи улс 37191 оноогоор гуравдугаарт, БНХАУ 36924 оноогоорх дөрөвдүгээрт, АНУ 33985 оноогоор тавдугаарт, ХБНГУ 28022 оноогоор зургаадугаарт, Франц улс 24786 оноогоор долоодугаарт, Бразил улс 24753 оноогоор наймдугаарт, Итали улс 24555 оноогоор есдүгээрт, Япон улс 22886 оноогоор аравдугаар бичигдэж байна.
Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН