Ургац хураалт дуусах шатандаа оржээ

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Ургац хураалт дуусах шатандаа оржээ

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил үндсэндээ дуусч байна. Урьдчилсан дүнгээр энэ онд 210 мянган тонн үр тариа хураах төлөвлөгөөтэй байснаас 198.8 мянган тонн улаанбуудай хураан авчээ.

Энэ жил 252.3 мянган тонн буудай хурааж, гурилын үйлдвэрт 186.2 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 27.4 мянган тонн улаан буудай нийлүүлэх тооцоотой байсан. Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэж дээрх төлөвлөгөө тасрах магадлалтайг тариалан эрхлэгчид сануулсаар байсан юм.

Одоогийн дүн мэдээлэлд тулгуурлаад тооцвол гурилын хэрэгцээнд дутагдах буудайн хэмжээ өсч магадгүй байна. 2013 оноос улаанбуудайг стратегийн хүнсэнд тооцдог болсноор импорт, экспортын асуудалд квот тогтоодог болсон юм. Ингэхдээ тухайн жилийн ургац хураалтын дүн, хүнсний хэрэгцээт хэмжээнд тулгуурлан жилд хоёр удаа тогтоож, аж ахуйн нэгж компаниуд өөрсдөө худалдаагаа хариуцан нийлүүлэлт хийдэг байжээ. Харин энэ оноос хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаан буудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулахаар болж, уг чиг үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж