Ж.Энхбаяр: Шүүх ямар байна, тэр нийгэм тийм л байна

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Шүүх ямар байна, тэр нийгэм тийм л байна

-Шүүгчид санхүүгийн хувьд хараат бус байж, шударга шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. Тиймээс эн тэргүүнд шүүх засаглалынх нь үнэт зарчмыг хамгаалахын хувьд төсвийг нь хангалттай хуваарилж, шат шатны шүүхийн шүүгчдийн ажиллаж, амьдрах цалин хангамжийг нь зохих түвшинд шийдэж өгөх нь зүй ёсны асуудал-

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай шүүхийн шинэтгэл, төсөв, шүүгчдийн цалингийн талаар ярилцлаа. Тэрээр эдийн засгийн хямрал гэдгээр шалтаглаж, эрх баригчид шүүхийн шинэтгэлээс ухрах вий хэмээн болгоомжилж байгаагаа нуусангүй.

-УИХ шүүхийн тухай багц хуулийг баталж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн нь саяхан. Харин одоо эдийн засаг хямарлаа гээд шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулахаар ярилцаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

– Шүүхийн тухай багц хуулийг УИХ баталсан. Гэхдээ хууль батлах бол нэг хэрэг. Хамгийн гол нь баталсан хуулиа хэрэгжүүлэх асуудал шүү дээ. Баталсан хуулиа биелүүлэх, түүнд хяналт тавих, улс төрийн асар их эрмэлзэлтэй байх ёстой. Ингэж байж л Монгол Улсын шүүх засаглалын шинэчлэл чанарын шинэ шатанд ахих бололцоо бүрдэнэ. Хууль тогтоох байгууллага баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй, түүнийг хэрэгжүүлсэн төрийн байгууллага руу дайрч, давшлах юм бол туйлын ноцтой асуудал. Үр дагавар нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, дархлаа, чадамжийн асуудалд сөрөг. Хэрэв шүүхийн төсөв, санхүүг төр дааж, улс төр, эдийн засгийн баталгааг нь хангаж өгөхгүй бол шүүхийн шинэтгэл хэрэгжих нь бүү хэл, урдахаасаа бүр дордох аюул нүүрлэнэ. Тийм учраас шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхийн тулд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүх талаар хангах нь бидний 25 жилийн өмнө сонгосон ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах асуудал юм. Ялангуяа шүүн таслах ажиллагааг төрийн бусад засаглалаас ангид, УИХ, Засгийн газраас хөндлөнгийн нөлөөлөлгүй байлгахын тулд төсөв, улс төр, эдийн засгийн баталгааг нь бүрдүүлэх чин хүсэл эрмэлзэл байж гэмээнэ, шүүхийн шинэтгэл явагдана. Харамсалтай нь өнөөдрийн бодит байдал дээр зарим эрх баригчид өөрсдийнхөө эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн энэ гол ажилдаа чин хүсэл гаргахгүй байгаа нь тод харагдаж байна шүү дээ. Чанга хашгирч, сүр дуулиантай эхлүүлэнгүүт  замын дунд хүчгүйтүүлэх нь бидний ард түмний өмнө өгсөн амлалт л лав биш. 

-Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шүүхийн төсвийг Сангийн яамаар дамждаг болгохоор Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

– Шүүх бол засаглал. Энэ бол улс төр биш. Дөрөв, дөрвөн жилээр солигддог, огцордог Засгийн газар биш. Нийгмийн гол тулгуур ойлголт. Улс төрчид, эрх баригчид шүүх, хэвлэл мэдээлэл хоёрыг гарынхаа дор, өөрсдийнхөө аясаар, захиалгаар хөдөлгөх туйлын сонирхолтой байдаг. Ажиллах орчин нь бүрдээгүй, төсөв санхүү нь тарчиг, төр нь оролцоотой байх гэсэн ийм нөхцөлд шударгаар ажилла гэж шүүхээс үр дүн шаардах нь ухаалаг бус. Бусад салбарт ч гэсэн ийм байдал ажиглагдаж байгаа. Цалин бол нэг асуудал. Шүүгчид санхүүгийн хувьд хараат бус байж, шударга шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. Тиймээс эн тэргүүнд шүүх засаглалынх нь үнэт зарчмыг хамгаалахын хувьд төсвийг нь хангалттай хуваарилж, шат шатны шүүхийн шүүгчдийн ажиллаж, амьдрах цалин хангамжийг нь зохих түвшинд шийдэж өгөх нь зүй ёсны асуудал. Хоёрдугаарт, шүүгчдийн хуульд заагдсан үүрэг функцээ хэрэгжүүлэх ажлын байрны орчин, боломжийг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд л Шүүхийн захиргааны бие даасан байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заагдсан чиг үүргийнхээ дагуу бүх шатны шүүхийн төсвийг төлөвлөн УИХ-д шууд өргөн мэдүүлэх эрх нь хуулиар баталгаажсан шүү дээ. Үүнийг хэрхэвч өөрчилж болохгүй. Шүүх эрх мэдэл гэдэг бие даасан засаглалынхаа хувьд гүйцэтгэх засаглалаас бүрэн ангид байх ёстой.

-Та шүүхийн бие даасан байдлаар ажиллах боломж бүрэн хангагдсан гэж үздэг үү?

– Шүүх эрх мэдлийг бие дааж ажиллах нөхцлийг төр хангах үүрэгтэй. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан асуудал. Сүүлийн үед эрчимтэй яригдаж байгаа шүүхийн шинэтгэл, шүүхийн бие даасан байдлыг зүй нь шинэ Үндсэн хуулийг батлагдсан эеэс зэрэгцүүлж анхаарах байсан. Гэтэл хорь гаруй жил шүүхийг бие даан ажиллах нөхцөл, түүний дотор эдийн засгийн баталгаагаар хангаж чадаагүй гэж би үздэг. Шинэчлэл оройтсон ч гэсэн энэ Улсын Их Хурал зоригтой алхам хийж, Шүүхийн багц хуулийг баталсан нь шүүхийн  бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа. Одоо түүнийг хэрэгжүүлэх бүх боломжийг хангасан алхамаас ухарч болохгүй гэсэн бодлогыг миний хувьд барьдаг. Төр нь үүнийг эс хангаваас шүүхийн шинэтгэлийн бодлогод ухралт гарна

– Шүүх эрх мэдлийн талаарх төрийн бодлого Олон Улсын жишигт нийцсэн байх шаардлагын тухайд?

– Олон Улсын хэмжээнд Шүүх эрх мэдлийг бие даасан байдлыг хангахад хэрэглэгдэх хэм хэмжээ, гэрээ конвенц, зөвлөмжийг Монгол Улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулж болохгүй. Цалин бол шүүгчийн эдийн засгийн гол баталгаа. Шүүгчид өөр орлого олохыг хуулиар хориглосон байгаа шүү дээ.

-Шүүхийн төсвийг жил бүр л шүүмжилдэг. Шүүгчийн цалин өндөр байна, эмч багш нарын цалин бага байна гээд л?

-Ер нь төр оршин байгаагийн илэрхийлэл шүүх. Хүний нийгэмд амьдарч байгаа хэн ч гэм буруугаа гагцхүү шүүхийн өмнө очиж байж л шүүлгэдэг. Үнэн худал зөв буруугийн асуудал зөвхөн шүүх дээр л шийдэгдэнэ. Шүүх хүчтэй бол төр хүчтэй гэж ойлгож болно. Тэгж байж л нийгмийн дэг журам, шударга ёс хангагдана. Шүүх бол "нийгмийг анагаах эмч". Шүүх дээр ажлын алдаа, эндэл гарлаа гэхэд нийгэм өвчлөөд эхэлнэ. Шүүх сүр хүчтэй, нэр хүндтэй, олон нийтийн итгэлийг хүлээх аваас тэнд нийгмийн үнэт зүйл баталгаажна. Хараат бус шүүхийн талаар, бидний сонгосон ардчилсан төрийн гол суурь зарчмыг хамгаалж, дархлааг нь тогтоох тухай асуудал ярьж байхад багш, эмч гээд барьцуулаад л байвал бүтэхгүй. Нийгмийн шударга ёсны манаанд зогсож байгаа шүүгчид сэтгэл хангалуун ажиллах ажил, амьдралын баталгаагаар хангагдаж, цалин урамшуулал нь бүрдсэн байх шаардлагатай. Энэ бол зөвхөн миний үзэл биш, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн гол суурь зарчим. 

Шүүхийн шинэтгэл дөнгөж эхлэл төдий байна. Энэ үед нь дэмжихгүй түлхэж нураагаад байх зохисгүй. Чөлөөт хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх ажиллаж, олон намын тогтолцоо бүрдэж, сөрөг хүчин төрд хяналт тавьж байж ардчилал бүрэн утгаараа бэхжинэ. Хэвлэл худалдагдаад, шүүх улс төрийн нөлөөнд автаад ирэхээр нийгмийн маань үнэт зүйл устана. Хамгийн ноцтой аюул нь энэ. Шүүх ямар байна, тэр нийгэм тийм л байна. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдрахад засаглал, төр утгаа алдана. 25 жилийн өмнө хийсэн бидний тэр том ололт үгүй болно гэж би ойлгож байна.

-Шүүхийн төсвийг бууруулах гэж байгаа тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Ямар ч байсан УИХ өөрөө баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангахын тулд шүүхийн төсвийг урд өмнөхөөс нь бууруулахгүйгээр, чадвал нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалтыг баталж өгөх ёстой.

Сүүлийн хоёр жил дараалан шүүхийн төсвийг батлахдаа хөрөнгө оруулалт тэг  байлгалаа. Энэ бол харамсалтай зүйл. Ядаж нэг ч болтугай шүүхийн стандартын барилга барих төсөв хөрөнгө өгсөн бол тэнд иргэд л шүүхийн үйлчилгээг хүртэх таатай орчин бий болох байсныг эргэн дүгнэлт хийх л хэрэгтэй дээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж