
“Цагтаа Намын төв хорооны дарга, сайд нартай дотно найзууд явлаа” хэмээн инээмсэглэх өвөөгийн нүднээс “60 насыг насалж яваа би амьдралд юу эсийг үзэх вэ дээ” гэсэн үгс аяндаа уншигдаж байв. Тэгээд Сэлбийн голд савангаа дүрэн хувцасаа угааж, ёстой л нэг өнгө орчихоод шуудайгаа үүрэн хог түүхээр явж өгнө. “Долоон буудлын Должин эмээ” ч төрийн бодлогыг шүүмжилдгийн үлгэрээр тэд бас УИХ-ын эрхэм гишүүдийг гоочлохоо ч мартаагүй юм. Гэтэл бас тэдний дунд иргэний шинэчилсэн бүртгэлийн тухай сураг сонсоо ч үгүй хүн явж байсан билээ. Ингээд тэдний яриаг сонирхуулъя.
Иргэн Д.Сүхбаатар:
-Манай эрхэм гишүүд бод идсэн боохой шиг бондойгоод л явж байх юм даа. Ер нь хог түүгээд яваа хүмүүс 20, 30 жилийн дараа бүгд хөгширч, шинэ залуу үе гарч ирж, Монгол орныг хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаа шүү. Уг нь манай Монгол Улс Хятад шиг социалист системээ хадгалсан чигтээ зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн бол зүгээр байсан юм. Миний хувьд шилмүүст мөчир, боргоцойгоор элдэв зураг чимэглэл хийж, жуулчдад зардаг. Гадаад хэл ч бас мэднэ шүү. Я знаю Русский язык немножко.
Иргэн Д.Алтанцоож:
-Би группт байдаг болохоор 70 мянган төгрөгөө аль цагаан сарын үеэр авсан. Тэгээд баярт зарцуулаад л дууссан.
-Шинэчилсэн бүртгэл явагдаж байгаа. Бүртгүүлж амжсан уу?
-Тийм үү, би мэдээгүй. Хамгийн сүүлд хэзээ телевиз үзэж, сонин уншсанаа ч санахгүй байна. Ер нь юмны ханш өсөөд амьдрахын аргагүй болж байна. Үүний шалтгаан нь тэр бэлэн мөнгө тараасантай холбоотой юм биш үү.
Иргэн Я.Отгонсүрэн:
– Би Сэлэнгэ аймгаас ирсэн. Зуны гурван сард энд ирж, ажил хийн хэд гурван төгрөг олох санаатай. Гэвч бүртгэл, мэдээлэлтэй холбоотой асуудлаас болж, цаашлаад үзүүлчих мэргэжлийн үнэмлэхгүй учраас барилгын компаниуд ажилд авахгүй байна. Ажлын байр бий болголоо л гэнэ. Гэтэл хөдөө орон нутагт болж бүтэж байгаа юм алга. Тэгээд энд ирээд, ингээд явж байна.
-Та 70 мянган төгрөгөө авсан уу?
-Авсан. Гэхдээ анх нөгөө 1.5 сая төгрөгөө ямар хэлбэрээр авах вэ гэх судалгаа явуулаад л байсан. Тэр нь хаана байна. Тэгэхэд хэн ч бэлэн мөнгөөр ингэж авъя гэж саналаа өгөөгүй л байх шүү.
Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн Хүний хөгжил сангийн мөнгийг харьяалалгүй иргэдэд хэрхэн хүргэх талаар холбогдох байгууллагаас нь тодруулсан юм.
Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтан Ч.Нямцэцэг:
-Бүртгэл харьяалалгүй иргэдийн тухай мэдээлэл танайд хэр байдаг вэ?
-Уг нь хүн төрсөн бол хаа нэг газар харьяалалтай л байх ёстой. Гэсэн ч огт бүртгэл харьяалалгүй иргэдийн тоог гаргасан албан ёсны судалгаа байхгүй. Харин Сонгинохайрхан дүүрэгт байрладаг “Амьдрах итгэл” төвд харьяалалгүй хүмүүс хандаж, бичиг баримтаа сэргээн Хүний хөгжил сангаас олгож буй мөнгөө авах хүсэлт гаргах нь нэмэгдэх болсон. Түүнээс биш нийгмийн эмзэг бүлэгт багтдаг тэдгээр хүмүүс манайд шууд хандвал бичиг баримтаа сэргээлгэж, шинээр нээлгэх боломжгүй.
Иргэн Ч.Хүрэлтулга:
-Хүний хөгжил сангийн мөнгөөрөө гэр авна, группын мөнгөө хөөцөлдөнө гээд хийх юм их л байна. Бүртгэлээ сэргээх талаар ам дамжсан сургаас л сонсож, 70 мянган төгрөгөө авахаар хөөцөлдөх болсон. Одоо иргэний үнэмлэхний зургаа авахуулаад өгчихвөл бичиг баримттай болчих гээд байна. “Амьдрах итгэл” төвд хандаж л энэ бүхний талаар мэдээлэлтэй болсон шүү.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Амьдрах итгэл” төв нь бичиг баримтгүй, тодорхой харьяалалгүй хүмүүсийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас бүртгэж эхэлжээ. Энэ долоо хоногийн байдлаар 50 орчим иргэн 70 мянган төгрөгөө авчээ. Цаашлаад 200 орчим хүн бичиг баримттай болсон аж. Гэвч зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ихэнх ажилчид нь амралтаа аваад явчихсан учраас хүндрэл гарч байна хэмээн өнөөх бүртгэлгүй иргэд гомдоллож байсан юм.
Дашрамд дурьдахад “Амьдрах итгэл” төв нь шинээр бүртгүүлсэн үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг хурааж авч хадгалан хэрэгцээтэй үед нь гаргаж, нотриатын тамга тэмдэгтэй хуулбарыг өгдөг аж. Тэгэхгүй бол өнөөдүүл нь энд тэнд явж байгаад бичиг баримтаа хаячихна, гудамжинд хонолоо гээд цагдаа нарт хураалгачихна. Дараа нь буцааж авах гэж бөөн юм болно. Бүртгэл харьяалалгүй иргэд өөрсдөө ч үүнийгээ мэддэг аж. Халуун шатсан зуны өдрүүд үргэлжилж, ноорхой хувцастай, наранд борлосон орон гэргүй иргэдийн амьдрал өрнөсөөр байна. Тэд амьдрахын төлөө тэмцэж, гудамж талбайгаар согтуу хөлчүү хэсүүчлэх овлигогүй залууст дээрэлхүүлж байгаа тухайгаа гомдоллох ч эх орныхоо ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байсан юм.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин