"Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад устгадаг" | News.MN

"Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад устгадаг"

"Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад устгадаг"

"Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад устгадаг"

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайтай ярилцлаа.

-Эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи, мансууруулах бодисыг устгах ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

-Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А 80 дугаар тушаалаар батлагдсан Эрүүгийн хэрэгт хөрөнгө орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх тухай журам байдаг. Энэ журамд заасны дагуу устгах ажиллагаа явагддаг. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт эд мөрийн баримтыг хадгалах зориулалтын шаардлага хангасан өрөө байдаг.

Ингээд Эрүүгийн хэрэг бүх шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шүүгчийн захирамжийн дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэх (устгах) асуудал яригддаг. Шүүгчийн захирамжид тухайн эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэхийг Хар тамхитай тэмцэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгадаг. Энэ маань өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа асуудал учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил.

-Эд мөрийн баримтыг устгах ажлын хэсгийг хэний тушаалаар томилдог юм бэ. Хөндлөнгийн ажиглагчаар ямар хүмүүс оролцдог вэ?

-Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхимтай тэмцэх газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл байлцаж эд мөрийн баримтыг устгах ажлыг зохион байгуулдаг. Энэ ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр прокурор болон мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох мэргэжлийн хүмүүс оролцдог.

-Ажиллагааг яаж баримтжуулдаг вэ. Эд мөрийн баримтыг устгах үйл явцын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Эд мөрийн баримтыг шийдвэрлэх ажиллагааг эхнээс нь дуустал камераар бичиж дүрсжүүлдэг. Мөн тэмдэглэл хөтөлдөг. Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж гарсан захирамжид хураагдсан эд мөрийн баримтын нэршил, грамм гэх онцлог шинжүүдийг бүгдийг нь дурдсан байдаг.

Баримтыг устгах ажиллагаа эхлэхэд тухайн бодисыг жинлэж үзээд шүүгчийн захирамж дээр дурдагдсан онцлог шинжүүдтэй тулгаж үздэг. Үүний хажуугаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг илрүүлдэг тусгай багажаар шалгаж тогтооно. Энэ бүхнийг тухайн ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс дэргэдээс нь хянана.

Үүний дараа устгах ажиллагааны тэмдэглэл болон дүрс бичлэгийг тухайн шүүхийн байгууллагад албан тоотоор мэдэгддэг. Нэг ёсондоо тайлан гэж ойлгож болно.

-Хадгалагдаж буй бодис алдагддаг гэх хардлага нийгэмд байдаг. Ийм боломж бий юү?

-Боломж байхгүй. Хэн дуртай нь эд мөрийн баримтад хүрээд байдаггүй, лацдаж хадгалдаг. Шүүгчийн захирамж дээр дурдсан онцлог шинж, хэмжээг нь жинлэж үзээд устгадаг.

-Германы Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхиа Монголоос авсан гэж мэдүүлсэн байна лээ. Хураагдсан эд мөрийн баримтыг тээвэрлэж явсан байж болзошүй гэсэн хардлага нийгэмд байна?

-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт энэ талаар тодорхой мэдээлэл бүртгэгдээгүй байна. Гадаад улсын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг тэр улсын хууль тогтоомжийн дагуу шалгагдаад шийдвэрлэгдэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 103.26.194.141

Сэтгүүлчид оролцох ёстой.

Avatar

Зочин 2020-02-27 202.21.108.245

Эд мөрийн баримт хадгалдаг өрөөнд зайлшгүй камер байрлуулах ёстой юм байна. Камерт бүх талбай, баримтууд харагддаг байх ёстой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж