Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори нээгдлээ

НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга,  “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярын санаачилгаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шяо Шуан, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хай Мин, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй албаныхан оролцсон юм.

“Чингэлтэй дүүрэг 19 хороо, 170 мянга орчим хүн амтай, 30 мянган өрхтэй. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургууль, хувийн өмчийн есөн сургуульд 24 мянган орчим хүүхэд суралцаж байна. Мөн дүүргийн хэмжээнд 0-18 насны 51 мянган орчим хүүхэд багачуудтай. Манай дүүрэгт хүүхдийн амбулатори, төрөх болон хүүхдийн эмнэлэг дутагдсаар ирсэн. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц анхны Хүүхдийн амбулаторитой болж байна. Энэхүү эмнэлэгийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан бүрэн шийдвэрлэсэн бол дүүргийн Засаг даргын тамгын газраас хүүхдийн амбулатори барих газар, цахилгаан, халаалт, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн” гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд онцолсон юм.

Мөн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Маш богино хугацаанд энэхүү эмнэлгийг барьж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан Энхтайван хөгжлийн сан болон монголын талаас бүх асуудлыг хариуцаж ажилласан “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярт талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу” гэж онцолж байлаа. Энэхүү хүүхдийн амбулаторийг барих санаачлагыг гаргаж, монголын талаас шалтгаалах бүхий л ажлыг хариуцан ажилласан НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяраас дараах асуултад хариулт авсан юм.

-Хүүхдийн эмнэлэг барих санаа анх хэрхэн төрж ажил хэрэг болгосон бэ?

-Хүүхдүүдэд эмчилгээ хийх эмнэлэг, эмч, орон байр, тоног төхөөрөмж, хүртээмж муутай байгаа энэ үед эмнэлэг барих шаардлагатай юм байна гэх бодол тээж явсан. Ингээд өнгөрсөн 2014 оны тавдугаар сард БНХАУ-д ажлаар явж байхдаа дэлхийн 26 улсад хандивын олон улсын үйл ажиллагаа явуулдаг тус сангийн хамт олонтой танилцаж уулзсан. Тус сангийн танилцуулга дээр эмнэлгийн тоног төхөөрөмж, машин бусад орнуудад өгч байсан тухай мэдээлэл байсан юм. Ингээд тус сангийнханд Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барьж туслах хүсэлтийг гаргаснаар энэхүү ажил эхэлсэн. Ингээд тус сангийнхан манай улсын эмнэлгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж тэр үед нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа, хүүхдээ хараад эмчлүүлж байгаа ээжүүд газар дээр байгааг хараад бидэнд туслахыг дэмжсэн. Зөвхөн энэ эмнэлгийн барилгад зорилж 500 мянган ам.доллар, мөн рентгений аппарат, 4D эхо аппарат зэрэг тоног төхөөрөмжид 250 орчим мянган ам.долларыг буцалтгүй тусламжаар олсон.

-Тус эмнэлгийн боловсон хүчинг БНХАУ-д сургаж, дадлагажуулсан гэсэн. Хүүхдийн амбулатори ямар ямар үйлчилгээг үзүүлэх боломжтой вэ?

-Тус дүүргийн 51 мянган хүүхдээс тус амбулаторид өдөрт 300-400 хүүхэд оношлуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Нийтдээ 56 хүний орон тоотой үүнээс 26 нь хүүхдийн эмч байх юм. БНХАУ-д 13 эмч, долоон сувилагчийг БНХАУ-д нэг сарын турш сургалтад хамруулсан. Бүх төрлийн шинжилгээ, оношлогоо, эмчилгээг хийнэ. Мөн гэмтэл, мэс заслын кабинетийг байгуулсан. Жишээлэхэд, нохойд хазуулах, унаж бэртэх, ахуйн чиглэлээр гэмтэл авахад ирж эмчлүүлэх бүрэн боломжтой юм.

-Цаашид тус сантай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ. Өчигдөр тус сангийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж ярилцсан. Цаашдаа зөвхөн хүүхэд гэхгүйгээр эмэгтэйчүүдийн, эхчүүдийн, хүүхдийн шүдний гэж төрөлжүүлсэн эмнэлэг барих эсвэл оношлогооны төв байгуулах тухай яриа эхэлсэн. Ирэх 2016 онд энэхүү хүүхдийн амбулаторийн хэмжээний санхүүжилттэй дүйцэхүйц эмнэлгийг барихаар тохиролцоонд хүрсэн.  

Дашрамд, Энхтайван хөгжлийн сан 2011 оны нэгдүгээр сард Бээжин хотноо байгуулагдсан бөгөөд хятадын төрийн бус байгууллагад туслан олон улсын солилцоо хамтын ажиллагаанд оролцуулах, олон улсын нийгмийн халамжийн үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудад хандсан томоохон нийгэм, хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдгаараа онцлогтой ажээ.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шяо Шуан “Энхтайван хөгжлийн сан дэлхийн олон оронд хандив тусламж үзүүлж хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсад эрүүл мэнд болон боловсролын чиглэлд цаашид хамтран ажиллаж туслана гэдгээ илэрхийлье. Энэхүү бүтээн байгуулалт нь хоёр орны нөхөрсөг харилцаанд багагүй хувь нэмэр оруулах болов уу” гэсэн юм.

Мөн тус дүүргийн иргэд Чингэлтэй дүүргийн оршин суугчдын зүгээс эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа энэ үед ийнхүү хүүхдийн амбулатори барьж өгч байгаад таатай байгаагаа илэрхийлж байлаа.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Энхжаргал

-Манай том хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд төдийгүй гадуур дагуулж явахад хүрүтэл хүндрэлтэй байдаг. Гэртэйгээ ойрхон, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэгтэй болж байгаа нь маш олон эцэг, эх, хүүхдүүдийг баярлуулсан үйл явдал болж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Хоролсүрэн

-Хүүхдээ эмнэлэгт үзүүлэх тохиолдолд хол газар дагуулж явна, оочир дугаар авч, дахин дахин очих шаардлага гардаг зэргээр багагүй хүндрэлтэй байсан. Ийнхүү хүүхдийн эмнэлэг барьж, байгуулж байгаа буянтай хүмүүст талархлаа илэрхийлье гэлээ.

О.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж