Ерөнхийлөгч өө, хуулийн доор амьдраарай

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өө, хуулийн доор амьдраарай

Ерөнхийлөгч өө, хуулийн доор амьдраарай

Монгол Улс шинэ коронавирус /Covid-19/-ийн халдвараас сэргийлж, БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоо хааж, агаарын тээврийг зогсоосон атал Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчлах нь. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. Айлчлалыг өнөөдөр буюу нэг өдөрт багтаана. Сунжрахгүй бол оройдоо багтаад эх орондоо ирнэ гэж албаны эх сурвалж тодотголоо.

Covid-19-өөс сэргийлж, Ерөнхийлөгч зарлиг гарган, Засгийн газар тогтоол батлан, ард иргэддээ  сүрийг үзүүлсэн ч төрийн тэргүүн өмнө нь төлөвлөсөн айлчлал байсан гэж тодотгон голомтын бүс нутаг руу зорчих нь тэр. Хятадаас ирсний дараа 14 хоног тусгаарлагдах бололтой.

Ерөнхийлөгч айлчлалаар мордоно гэдэг гэрийн эзэн гадаад улс руу зорччихоод буцаад ирдэгтэй адилтгах зүйл биш. Хамгаалагчаас эхлээд орчуулагч, эмч, Гадаад харилцааны яамны хэд, хэдэн албан тушаалтан дагалдана. Нэмж Монгол Улсаас Хятадад суугаа Элчин сайд  дагалдана. Өөрөөр хэлбэл, арваар тогтохгүй албаны хүмүүс айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажиллана гэсэн үг. Тэр бүгд эрсдэлтэй бүс нутгийг зорих боллоо.

Уг нь Монголын хууль Ерөнхийлөгчөөсөө эхлээд иргэндээ хүртэл ижил тэгш үйлчилдэг байж гэмээнэ энэ улсад бодлого хэрэгжинэ.

Хэдийгээр эртнээс төлөвлөгдсөн айлчлал байлаа ч гэсэн хууль, тогтоолоо хүндэтгээд хойшлуулж болох л арга хэмжээ.

Тэр тусмаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг Ерөнхийлөгч нь үндэстнийхээ аюулгүй байдлыг тэргүүнд тавих ухамсар байхгүй юм бол төрийн албаны энэ олон мянган хүн гадаа гандаж хөдөө хөхрөн, иргэдээ хот нэвтрүүлэхгүй гэж хэл ам хийн, бороохойгоо өргөх шаардлагатай юу, Ерөнхийлөгч өө.

Аюулгүй байдлаа та хангаж болно, гэвч олон нийтийн итгэл сэтгэл гэдэг төрийн томчуудын хэрхэн үлгэрлэхээс л хамаардаг.

Нэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдрах нь тэгш бус  нийгэм оршин буй болж буйн том илрэл.

Тэр тусмаа халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Covid-19 цар тахлын хэмжээнд хүрэх эрсдэлд ойртсон, Монгол Улсыг энэхүү халдвар орж ирэх бэлтгэлээ хангахыг анхааруулж буй цаг мөчид Засгийн газрын тогтоол шийдвэрээ зөрчин, хилийн дээс алхах нь зөв шийдвэр мөн үү, Ерөнхийлөгч өө.

Хөл хорионд орон хөдөөнөөс хот руу орж ирэх боломжгүй болсон иргэд Ерөнхийлөгч таны Хятад улсад хийх болсон айлчлалыг сонсоод “Улаанбаатар хот руугаа оръё. Ерөнхийлөгч Засгийн газрын шийдвэрийг зөрчөөд айлчлал хийж байхад бид яагаад  гэртээ очиж болдоггүй юм бэ” гэж шаардлага тавьж эхэллээ. Зүй ёсны л шаардлага.

Монгол Улсын хууль тогтоомж Ерөнхийлөгчид нэг өөрөөр, иргэдэд өөрөөр үйлчлэх ёсгүй. Хуулийн доор бүгд л нэг зарчим мөрдөн амьдрах учиртай.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар ямар асуудал шийдвэрлэх вэ гэдэг дээр албаныхан тоймтой хариулт өгөөгүй байгаа ч хэвлэлүүдийн бичсэнээр махны экспорттой холбоотой асуудлыг хөндөх бололтой. Гэхдээ Монгол Улс махны үнээ дотооддоо барьж, иргэддээ хямд үнэтэй нийлүүлж чадаж буй билүү. Үхрийн цул мах өнгөрсөн жилийн хавар нэг кг нь 16500 төгрөгт хүрч, нийслэлчүүд хэтэвчин дэх хэдээ гөвсөн. Иймээс Засгийн газар саяхан дотоодынхоо махны хэрэгцээг хангаж байж, экспортын асуудал ярих ёстой гэдэг асуудлыг хөндсөн ч төрийн бодлого шийдвэр хоорондоо эвлэхгүй зөрчилдөх болсны тод жишээ энэ ч болж байх шиг. Ерөнхийлөгч өө, хуулийн доор амьдарч байж, зарлиг, шийдвэр гаргана шүү.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
109
ТэнэглэлТэнэглэл
47
БурууБуруу
21
ЗөвЗөв
18
ХарамсалтайХарамсалтай
15
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж