Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрээр шинэ төрлийн уушигны коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс, Япон улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал 14 хоногоор түр зогсоох, мөн Япон улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар тогтоод байна.
Япон улсаас бусад улсаар дамжин эх орондоо буцах боломж монгол иргэдэд нээлттэй бөгөөд энэ тохиолдолд хилээр нэвтэрснээс хойш 14 хоног тусгаарлагдаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах шаардлагатайг анхаарна уу.
Ингэхдээ Берлин-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар, Астана-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгээр Монгол Улс руу буцах тохиолдолд дамжин өнгөрөх улсад “COVID-19”-ийн халдвар бүртгэгдсэн голомт бүхий улсад Япон Улс хамаарч буйг давхар нягталж, аялалын маршрутаа гаргана уу.
Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны зүгээс Япон улсын Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Цагаачлалын алба зэрэгт хандаж дээрх хугацаанд визийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болох манай иргэдийн визийн хугацааг сунгуулах чиглэлээр ажиллаж байна.
Манай иргэд Япон улсад ажиллаж, амьдрахдаа анхаарал болгоомжтой байж, онцын шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй байх, хувийн эрүүл мэндийг хамгаалах, уг өвчний дэгдэлтийн талаарх сүүлийн үеийн мэдээлэлд ойр байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам