Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 51 иргэнээс Covid-19 илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 51 иргэнээс Covid-19 илрээгүй

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.02.27/ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл: Дэлхийн таван тив 41 орныг хамарч, шинэ коронавирус /Covid-19/ тархлаа. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг оронд эрчтэй тархсаар байна. БНСУ-ын Дэгү хотод халдвар голомтлон гарсаар байна. Бүх хүн хамтран зүтгэж байж, энэ өвчний ард гарна. Цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гэж эрдэмтэн судлаачид, ДЭМБ-аас анхааруулаад байна. Энэ хугацаанд иргэд маань шинэ коронавирусээс хамгаалахын тулд маскаа зөв зүүх, дархлаагаа дэмжих шаардлага байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Д.Нямхүү: Багануур дүүргийн хоёр, Төв аймгийн Цээл сумын нэг, Баян-Өлгий, Орхон аймагт тус бүр тусгаарлагдаад байсан таван иргэн, БНСУ-аас ирсэн 51 иргэний шинжилгээний хариу гарахад шинэ коронавирусийн халдвар илрээгүй, сөрөг гарлаа.

“БНХАУ-д COVID-19 халдварын 444 шинэ тохиолдол бүртгэгдсэн”

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 27-ны өглөөний 09.00 цагийн байдлаар БНХАУ-д COVID-19 халдварын 444 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 78.497 тохиолдол бүртгэгдсэн. Өчигдөр БНХАУ-д нийт 52 нас баралт гарсан бол өнөөдөр 29 нас баралт бүртгэгдсэн. Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сарын 28-наас хойш гарсан хамгийн бага тоон мэдээ болж байна. Нийт нас баралтын 26 нь Хубэй мужид, гурав нь бусад мужуудад бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна Бразиль, Норвеги, Гүрж, Пакистан, Грек, Румын зэрэг дэлхийн 42 улсад шинээр халдвар бүртгэгдсэн.

COVID-19 халдварын тархалт сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иран зэрэг улсуудад голомтлон тархаж байна. Тодруулбал, Итали улсад нийт халдварын тоо 400-д хүрч 12 хүн нас барсан бол БНСУ-д өчигдрийн байдлаар 334 шинэ тохиолдол нэмэгдэж, 1595 тохиолдолж болж, 13 хүн нас бараад байна. Шинэ тохиолдлын 307 нь Дэгү хотод бүртгэгдсэн. Итали улсын 11 хотод хөл хорио тогтоосон. ДЭМБ, Европын өвчин судлалын төвийн хамтарсан баг тусламж үзүүлэхээр өчигдөр Ром хотноо очсон. Иранд нийт 139 тохиолдол илэрч, 19 нас баралт бүртгэгдээд байна.

“Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгуудад сэжигтэй иргэдийг хянаж байна”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өчигдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан болсон. Уг хуралдаанаар нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодисын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн. Мөн энэ тоног төхөөрөмжүүдийг гадаад улс орон руу тээвэрлэхэд учирч болох саад бэрхшээлийг арилгаж, шуурхай оруулж ирэх шийдвэрийг гаргасан. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тусгаарлах байрыг бэлэн болгох, хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийг ажиглах арга хэмжээг авах чиг үүргийг өгсөн.

Одоогийн байдлаар Монгол улсад Дорнод аймагт тав, Замын-Үүд дээр 104 иргэн, Жаргалантын сувилал дээр 17, “Асралт мед” эмнэлэгт 37 иргэн, Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгуудад иргэдийг түр тусгаарлан ажиглан хянаж байна. COVID-19 халдварын эмчилгээний хувьд вирусийн эсрэг вакцин хараахан гаргаж аваагүй байна. БНХАУ, Израйль, БНСУ, АНУ-ын эрдэмтэд хамтран вирусийн эсрэг вакцин гарган авахаар судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлсээр байна.

“Монгол Улсын 242 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан”

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл: Өнгөрөгч нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Монгол Улсад COVID-19 халдвар бүртгэгдээгүй. Манай ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд өнөөдрийн байдлаар нийт 242 иргэнийг түр ажиглалтад авч, хянаж байна. Мөн 172 хүнд лабораторийн шинжилгээ хийж, тусгаалж, халдвар илрээгүйг тогтоосон. Мөн уушигны хүнд, хөнгөн хэлбэрийн хатгалгаатай иргэдээс түүврийн аргаар судалж, 60 хүнд шинжилгээ хийсэн. Энэ бүх шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн юм.

“Асралт мед” эмнэлэгт тусгаарласан иргэдийг ажиглалтаас гаргана”

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-аас ирсэн 37 иргэнийг "Асралт мед” эмнэлэгт түр тусгаарласан. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн хүртэл эдгээр иргэн 14 хоног түр тусгаарласан учраас өнөөдрөөс ажиглалтаас гаргана. Бүх хүний биеийн байдал сайн байгаа” гэдгийг хэлсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж