Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулагчдын Ханган нийлүүлэгчдийн форум Дуурь, бүжгийн эрдмийн театрын байранд болж байна. Энэхүү форумд 29 орны 600 орчим компани оролцож туршлага, мэдээлэл солилцож, хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.
Энэхүү форум үндсэн таван чиглэлийг зорилго болгожээ. Нэгдүгээрт, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээлэл өгөх, хоёрдугаарт, боломжит ханган нийлүүлэгчдийг олж илрүүлэх, гуравдугаарт, Монголын болон гадаадын компаниуд хамтран ажиллах суурь тавих, Монголд бааз суурь бий болгох, дөрөвдүгээрт, далд уурхайн ханган нийлүүлэлтийг ил тод зохион байгуулах, тавдугаарт, ханган нийлүүлэлтийн суурь зарчмыг таниулах зорилготой зохион байгуулагдаж байна.
Одоогоор Оюутолгойн далд уурхайд 14 километр урт хөндлөн хонгил баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барих төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэнэ. Оюутолгойн ордын хамгийн сайн чанарын нөөц нь газрын гүнд байдаг. Тиймээс блоклон олборлох орчин үеийн технологи ашиглах иж бүрэн далд уурхайг барьж байгуулахаар зорьж байна. Блоклон олборлох арга нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч хамгийн аюулгүй, хамгийн үр ашигтай юм. Энэ ажлыг хийж эхлэх бэлтгэл шатны нэг нь өнөөдрийн форум гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын төсөв зургаа орчим ам.доллар. Энэ ажлыг үргэлжлүүлснээр шинэ технологи, ажлын байр нэмэгдэх болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх аж. Энэ онд багтааж олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай 4.2 тэрбум ам.долларын гэрээ хийх юм байна.
Т.ДАВААНЯМ