Өмнөд Солонгос улсад үхлийн аюулт ‘Сovid-19’ өвчний халдвар хурдацтай тархаж байна. Тухайлбал, өнөө өглөөний байдлаар халдварын 334 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 1595 хүн өвчилснийг Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх газраас мэдээлжээ.
Өмнөд Солонгосын халдварын голомт нь Сөүлээс зүүн хойд зүгт 300 км зайтай орших Тэгү хот болоод байна. Шинээр бүртгэгдсэн 334 халдварын 307 нь Тэгү хотод бүртгэгдсэн бол дөрөв нь хөрш Хойд Гёнсан мужид бүртгэгджээ. Тэгү хотод нийтдээ 1017 халдварын тохиолдол, Хойд Гёнсан мужид 321 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс гадна Өмнөд Солонгосын гол зургаан хот, мужид халдвар бүртгэгдсэн. Тус улсад нийтдээ 210 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан ба ирэх өдрүүдэд халдварын тоо өсөх хандлагатай байна.
Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг хойшлуулахаар болжээ. Хоёр орны цэргийн хамтарсан сургуулилалт ирэх гуравдугаар сард эхлэх товтой байв. Ийнхүү анх удаа холбоотон орны цэргийн сургуулилалтт эрүүл мэндийн шалтгаанаар хойшлогдлоо.
Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр 21 цэрэг халдвар авсны нэг нь АНУ-ын алба хаагч аж. Улмаар 9500 орчим цэргийн алба хаагч халдвараас сэргийлэн хөл хорионд оржээ.
Өмнөд Солонгос улсын эсрэг дэлхийн 17 орон аяллын хориг тавьсны 13 нь хөл хорионы хатуу нөхцөл тавьжээ. Сүүлд Японы засгийн газраас Өмнөд Солонгосын Чёнгдо, Тэгү хотоор сүүлийн 14 хоногт зорчсон хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй байх хориг тавьжээ.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ