Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын түвшний хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2020.02.26/ явагдлаа.
- Лион 1:0 Ювентус
Францын Лион баг өөрсдийн Парк Олимпик Лион цэнгэлдэхдээ Италийн аваргууд болох Ювентус багийн хүлээн авч тоглолоо. Кристиано Роналдо, Паоло Дибала зэрэг дэлхийн шилдгүүдээр эгнээгэээ зузаатгасан Ювентус баг тус тоглолтод 64 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 14 удаа цохисон боловч нэг нь ч хаалга онож чадсангүй. Харин талбайн эзэд Лион баг 36 хувьтай бөмбөг эзэмшиж эсрэг багийн хаалга руу 12 удаа 2 нь хаалгаа оножээ. Тоглолтын цорын ганц гоолыг нэгдүгээр үеийн 31 дэх минутанд Франц хагас хамгаалагч Лукас Тусарт оруулж Лион талбайдаа Ювентусыг хожлоо. Хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 18-нд Ювентусын Аллианз аренад явагдана.
- Реал Мадрид 1:2 Манчестер Сити
Эдэн Азарыг гэмтэлд алдсан Реал Мадрид өөрсдийн Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ Английн аваргууд болох Манчестер Сити багийг хүлээн авч тоглолоо. Хоёр баг тоглолтын эхнээсээ нээлттэй, харилцан довтолж ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байв. Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үеийн 60 дах минутанд Испани хагас хамгаалагч Иско оруулж Испанийн баг тэргүүлж эхлэв. Гэвч үүнээс удалгүй 78 дах минутанд Бразил довтлогч Габриел Жезус гоолдож тооны харьцааг тэнцүүлэв. Харин тоглолтын эцсийн цэгийг 83 дах минутанд Бельги хагас хамгаалагч Кевин де Брюйне торгуулын цохилтоос тавьж Английн аваргууд зочлон тоглолтоос 2-1 гэсэн харьцаатай нутаг буцлаа. Реал Мадрид баг дахин нэг хохирол амссан нь тус багийн ахлагч, хамгаалалтын ноён нуруу Серхио Рамос улаан хуудас хүртэн хариу тоглолтод оролцох боломжгүй болсон юм. Хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 18-нд Английн Манчестер хотын Манчестер Сити багийн Этихад цэнгэлдэхэд явагдана.
Холбоотой мэдээ