Өнгөрсөн 24 цагийн хугацаанд “covid-19” өвчнөөр олон улсад шинээр халдвар авсан хүмүүсийн тоо анх удаа Хятадыг давж гарлаа. Тодруулбал, өнгөрсөн хоногт олон улсад халдварын 459 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Хятадад 412 бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр анх арванхоёрдугаар сарын 8-нд Ухань хотод бүртгэгдсэнээс хойш хоногт шинээр нэмэгдэж буй халдварын тоо Хятадад өндөр байсан. Гэвч Итали, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудад халдвар хурдацтай тархаж, шинээр илэрсэн халдварын тоо Хятадынхаас давжээ. Одоогоор олон улсад халдварын тоо 81407 болж, 2772 хүн нас бараад байна. Халдвар Бразиль улсад илэрснээр Латин Америкийн анхны улс болжээ. Саяхан Италийн хойд хэсэгт аялаад ирсэн Бразилийн 61 настай иргэн халдвар авсан аж. Харин Италид халдварын тоо нэмэгдсэнээр 400 болсон ба 12 хүн нас баржээ. Кувэйт улс иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр Италийн Милан хот руу онгоц нисгэжээ. Мөн Баруун Африкийн эрэг дэх Испанийн Канари аралд Тенерифэ зочид буудалд 700 хүн карантинд оруулжээ. Мөн Хятадаас өнгөрсөн долоо хоногт эргэж ирсэн нэг хүн халдвар авсан нь тогтоогдсоноор Норвегид анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Францад өчигдөр халдварын тоо нэгээр нэмэгдэж 18 болсон ба хоёр хүн нас барж, 12 хүн эдгэрчээ. Гүржид анхны тохиолдол бүртгэгдсэн нь Иранд аялаад ирсэн хүн аж. Мөн Финляндад хоёр тохиолдол илэрсний нэг нь Италид аялаад ирсэн эмэгтэй аж. Пакистанд мөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. ОХУ-аас Ираны иргэдэд виз олгохоо хязгаарласан ба Өмнөд Солонгос руу нислэгээ цөөрүүлсэн байна. Мөн ОХУ-ын иргэдийг Италид зорчихгүй байхыг анхааруулж, Хятадын эсрэг хилийн хоригоо дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл сунгажээ. ОХУ нь БНХАУ-тай өргөн уудам газар нутгаар хиллэдэг боловч халдварын ердөө хоёр тохиолдол бүртгэгдсэн нь хятад оюутнууд байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Холбооны эрүүл мэндийн албаныхан Лхагва гаригт хэвлэлийн хурал зарлаж, халдвартай хэрхэн тэмцэх талаар мэдээлэл хийжээ. Олон улсад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаагаас АНУ-ыг “covid-19’ өвчнөөс хамгаалахад хүндрэлтэй байна хэмээн албаныхан мэдээлжээ. АНУ-д халдварын 15 дахь тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-аас халдварын эсрэг тэмцэлд 2.5 тэрбум ам.долларын төсөв шаардагдахыг Төлөөлөгчдийн танхимд танилцуулжээ.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ