Нарендра Моди шашны мөргөлдөөнийг өдөөв

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Нарендра Моди шашны мөргөлдөөнийг өдөөв

Нарендра Моди шашны мөргөлдөөнийг өдөөв

Энэтхэг улсад сүүлийн хэдэн арван жилд болоогүй том хэмжээний шашны мөргөлдөөн өнгөрсөн өдрүүдэд боллоо. Исламын болон хинди шашинтнуудын хоорондох мөргөлдөөн гурав хоногийн турш үргэлжилж, 27 хүн амь үрэгдэж, 200 шахам хүн гэмтэж бэртсэнээр сая намжив. Энэтхэгийн Дэли хотноо үймээн дэгдэж, мусульманчуудын гэр сууц, бизнесийн байгууллага, дэлгүүр хоршоодыг галдан сүйтгэжээ.

Энэтхэгийн засгийн газраас өнгөрсөн жил баталсан иргэншил олгох шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн мусульман иргэд эсэргүүцлийг өдөөжээ. Гэвч гурав хоногийн хугацаанд хинди шашинтнуудын хариу үйлдэл хэрээс хэтэрч, үймээн хүчирхийлэл болон хувирсан аж. Хинди шашны уурссан эрэгтэйчүүд зэвсэггүй хүмүүс, сэтгүүлчдийг ч зодож танхайрсан байна. Энэтхэгийн албаныхан үймээн, хүчирхийллийг зогсоохын тулд олон газар хөл хорио тогтоож, цагдаа цэргийн хүчийг дайчилсан юм. Үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүчирхийлэл намжиж, цагдаа нар нөхцөл байдлыг хяналтдаа авсан хэмээн Твиттерт жиргэжээ. Түүнчлэн сөрөг хүчний тэргүүн Сониа Ганди хүчирхийллийг хариуцлагыг Дотоод хэргийн сайд Амит Шахаас нэхэж, огцрохыг нь шаардав. Үймээн, хүчирхийлэл Дэли хотын зүүн хойд хэсгийн мусульманчууд голдуу амьдардаг хэсэгт гарсан байв. Гурван өдрийн үймээний дараа хотод шатсан байшин барилга, хаа сайгүй хагарсан шил, шатсан автомашин зэрэг дүр зураг үлджээ. Үймээний үеэр цагдаагийн 50 гаруй офицер гэмтэж бэртсэн байна. Энэтхэгийн Дээд шүүхээс өмнө нь 1984 онд болсон үймээн, хүчирхийллийг дахин давтахгүй байхыг шаардаж байв. Тухайн үед синхүүдийн эсрэг бослого тэмцлийн үеэр 3000 гаруй хүн амь үрэгдсэн аж.

ТРАМПЫН АЙЛЧЛАЛ ҮЙМЭЭНТЭЙ ДАВХЦАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсэн. Гэвч түүнийг Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод зочлон улс төрийн болоод бизнесийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийх үеэр хотод шашин хоорондын мөргөлдөөн угтсан юм. Цус асгаруулсан мөргөлдөөн Трампын уулзалт хийж буй хотын төвөөс хойш 18 км-т Дели хотын зүүн хойд дүүрэгт гарсан байна. Гэсэн ч Трамп айлчлалынхаа үеэр хэвлэлийн бага хурал хийхэд Делид болсон цуст мөргөлдөөн, жагсаал тэмцлийн талаар сэтгүүлч сурвалжлагчид асуухад асуултад хариулахаас зайлсхийж, Энэтхэг улсын эрх баригчдын шийдэх хэмээжээ. Айлчлалын үеэр тэрбээр  Энэтхэгтэй гурван тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийх болон бусад хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Энэтхэг улс 24МН-60R Seahawk нисдэг тэргүүдийг АНУ-аас худалдан авах ажлынхаа эцсийн шатанд явж байгаа бөгөөд Трампын энэхүү айлчлалын үеэр албан ёсоор гарын үсэг зурж, гэрээгээ хийжээ.

МАРГААН ДАГУУЛСАН ИРГЭНШЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэтхэг парламентын дээд танхим исламын шашингүй хууль бус цагаачдад иргэншил олгох хуулийн төслийг баталсан нь ихээхэн маргаан дагуулаад байна. Уг хуулийн дагуу Энэтхэг улсад хууль бусаар орж ирсэн Бангладеш, Пакистан, Афганистан улсын исламын шашинт бус иргэд тус улсын харьяат болох боломжтой болж байгаа юм. Энэ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл Энэтхэгийн зүүн хойд бүс нутгуудад өрнөж, иргэд шашнаар ялгаварлан гадуурхаж, иргэншил олгож буйг эрс эсэргүүцжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч уг хуулийг хүмүүсийг үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварласан шийдвэр хэмээгээд, Энэтхэгт болж буй үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэгдэж байх үед Энэтхэгийн Трипура болон  Ассам зэрэг Бангладеш улстай хил залгаа мужуудад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв. Жагсагчид уг хуулийн төслийг ялгаварлан гадуурхалтын талаарх баримт бичиг болоод байгааг илэрхийлсэн бол тус улсын засгийн эрхийг баригч Бхаратия Жаната /BJP/ нам  шашны үзлээсээ үүдэн эх орноо орхин дүрвэж байгаа исламын шашинт бус иргэдэд боломж олгосон алхам гэж хариу мэдэгдэж байгаа юм. BJP намын үзэл суртал соёлын үндсэрхэг үзэл дээр тулгуурладаг. Соёлын үндсэрхэг үзэл нь Хиндү үндэстнүүд, тэдний хэл соёлын өв, соёл, нутаг дэвсгэр угсаа гарлаараа бахархах үндэстний үзэл санаанаас үүдэлтэй. "Хиндутва" гэж нэрлэдэг уг үзэл суртлын хүрээнд Засгийн газраас санскрит хэлийг сургуулиудад сурталчлах, йога болон  Аюрведагаар дамжуулан дотооддоо болон гадаад улс орнуудад энэ соёлыг түгээхийг оролдож буй нь Нарендра Модигийн үндсэрхэг үзлийн бодлого баримталж байгааг илхэн харуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж