"Хурд"-ын Хан Лю буюу жүжигчин Кан Сонху | News.MN

"Хурд"-ын Хан Лю буюу жүжигчин Кан Сонху

"Хурд"-ын Хан Лю буюу жүжигчин Кан Сонху

"Хурд"-ын Хан Лю буюу жүжигчин Кан Сонху

"Хурд" цуврал киног үзсэн хүн бүр Хан Люг таних нь гарцаагүй. "News" агентлаг долоо хоногийн пүрэв гаригт уншигчиддаа хүргэдэг "Хүмүүс" буландаа жүжигчин Кан Сонхуг онцоллоо.

2001 оноос хойш одоог хүртэл "Хурд" киногоороо үзэгчдийг байлдан дагуулж буй  тэрбээр олон ч охидын "зүрхийг булаагаад" зогсохгүй залуусын хүндлэл, хайрыг харамгүй хүртсэн нэгэн. Дүрийн хувьд Кан анх 2002 онд "Better luck tomorrow" гэх кинонд тоглосон нь хожим "Хурд" цувралын гуравдугаар анги болох "The Fast and the furious: Tokyo drift" киногоор үзэгчидтэй дахин уулзаж, олны анхаарлын төвд орсон билээ. Кан онцгой харизмтай болохоор ч тэр үү, хүн бүр түүнийг таних ч дүрийг нь ч хүнийг нь ч яг сайн мэдэх нь цөөн.

Жүжигчин, Продюсер

Хан Лю хэмээх дүрийг бүтээсэн жүжигчин бол Кан Сонху. Тэрбээр 1972 оны дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Жиоржиа мужийн Гэйнсвильд Солонгос цагаач гэр бүлд төрж, өсвөр насаа Калифорнид өнгөрүүлжээ. Сонху хуулийн чиглэлээр сурч байсан ч өөрийн сонирхолд хөтлөгдөн жүжигчин болохоор шийдэж, Калифорнийн их сургуульд элссэн нь Ази гэр бүл болохоор ч юм уу, эсвэл азичууд Америкийн дэлгэцийн урлагт төдийлөн амжилт олдоггүйгээс үү, ямартай ч эцэг эхийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан гэдэг.

Өнөөдөр тэрбээр 47 настай, өдгөө Сонху гудамжны танхай залуугаас эхлээд Чингис хааны хүүгийн дүрд гээд нийт 62 уран бүтээлд гар бие оролцож, хэд хэдэн шагналын эзэн болохын сацуу Холливудын хамгийн чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах болжээ.

Сонхугийн анхны дүр 1999 онд телевизийн цуврал "Felicity"-гийн хоёрдугаар улирлын зургадугаар анги "The love bug"-т халти гараад өнгөрөх бяцхан "олны" дүр байжээ. Дараа жил нь харин "Talk to Taka" кинонд туслах продюсерийн үүрэг гүйцэтгэсэн нь түүний продюсер карьерийн эхлэл байв. Харин гол дүрийн тухайд 2002 онд "Better luck tomorrow" кинонд алдарт Хан Люгийн дүрийг  бүтээжээ. Тус киног найруулсан найруулагч Жастин Лин түүний чадварыг үнэлж, хожим 2006 онд "The Fast and the furious: Tokyo drift" киног найруулахдаа Сонхуг дахин Хан Люгийн дүрээр кинонд гаргасан нь цааш цаашдын "Хурд" кинонд алдартай одуудтай мөр зэрэгцэн ажиллах замын эхлэл байв.

Сайн нөхөр, "галзуу баян Ази"

Сонхугийн хувийн амьдрал нууцхан байдаг болоод ч тэр үү,  шүтэн бишрэгчид нь түүнийг ганц бие эсэхийг сонирхдог. Сонху бол сайн нөхөр. Тэрбээр 2014 оны долдугаар сарын 8-нд найз охин Мики Еимтэй гэрлэсэн. Гэргий Мики нь Прадад менежер хийдэг аж. Тэд анх Солонгос хотхоны караокед 1992 онд буюу Сонху мэргэжлийн жүжигчин болоогүй байхад танилцсан гэдэг. Тухайн үед царайлаг жүжигчин маань "When doves cry" гэх дууг "уйлуулж" байж. Мики түүний хоолойг сонсоод л дурлачихсан гэдэг. Удалгүй тэд болзох болж, гэр бүл болон хуримаа гэр бүл, найз нөхдийн хүрээнд нууцхан бас цомхон хийжээ.

Харин хөрөнгийн хувьд Сонху 2019 оны байдлаар нийт найман сая ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй байна.

Эрлэгийн үүднээс эргэн ирж буй Хан Лю гэх дүр

Хан Лю гэх дүрийг бид "Хурд" киноны догь Ази залуу гэдгээр нь маш сайн мэддэг. Гэхдээ Хан Лю гэх дүр анхнаасаа "Хурд" цувралынх байсангүй. Тэртээ 2002 онд Жастин Лин гэх Ази гаралтай Америк найруулагч өөрийн гурав дахь кино болох "Better luck tomorrow" киног бүтээжээ. Тэрхүү кинонд Америк дахь уйдсан танхай азичууд хэрхэн гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж буй тухай гардаг бөгөөд тэрхүү уйдсан ази танхайчуудын нэг нь Хан Лю аж.

Хан тус кинонд үеэл Виржил болон бусад найзуудтайгаа хамтран хялбар мөнгө олохын тулд гудамжны хулгайгаас эхлээд хар тамхины наймаа гэх мэт олон гэмт хэрэгт хутгалдаж байгаа талаар гардаг.

Харин дөрвөн жилийн дараа буюу 2006 онд Жастин "Хурд" цувралын "Tokyo drift" ангийг найруулахдаа өөрийн эрх мэдлийн хүрээнд хуучны анд Сонхуг Хан Люгийн дүртэй нь хамт кинондоо оролцуулсан байна. Ийнхүү Сонху өөр хоёр кинонд нэг ижил дүрийг бүтээжээ.

"Tokyo drift" кинонд Хан Лю Токиод амьдарч байх бөгөөд сүүлийн үед олсон ахиухан хөрөнгөөрөө өөрийн гэсэн граж ажиллуулж байгаагаар гардаг. Тэрбээр тэрхүү граждаа худалдан авсан үнэтэй спорт машинуудаа тоноглон сайжруулах ажил хийнэ. Хан гражийнхаа хажуугийн клуб дэх охидоор үргэлж хүрээлүүлж байхын сацуу Токиогийн шилдэг уралдааны машины жолооч нартай найзална. Мөн түүний өөрийн гараар засч сайжруулсан 2001 оны Ниссан Сильвиа С15 машин хожим Дрифт ертөнцийн Мона Лиза хэмээн цоллуулах болно.

Киноны гол дүр Сийн Токиод ирж сонирхлоо даган машинаар уралдсан ч Токиогийнхны уралдааны арга барил түүний жолооны чадвараас тэс ондоо байв. Тэрбээр дрифт ертөнцийн хаан гэгдэх Такашитай уралдахдаа туршлагагүйтэж өөрт нь машин зээлсэн Ханы Ниссаныг юу ч үгүй эвдэж орхидог. Тийнхүү Сийн машиныхаа өрөнд Ханд туслахаар болж, Хан түүнд хэрхэн шарвах тухай болон бусад зүйлсийн талаар зааж сургаж байх хооронд Такаши Ханыг ахаас нь мөнгө хулгайлж байсныг мэдээд "хорхойтой араандаа зууж орхино". Тийнхүү Хан Такаши болон түүний бүлэглэлээс зугтахаар оролдож байхдаа үл мэдэх машинтай мөргөлдөн дэлбэрч нас барах нь тэр. Кино төгсөхөд "Хурд" цувралын өөр нэгэн гол дүр Доминик Токиод Ханы цогцсыг авч, АНУ-д аваачин зохих ёсоор оршуулахаар ирдэг.

Токио дрифт кино гарснаас гурван жилийн дараа "Los Bandoleros" богино хэмжээний кинонд Доминик Хантай уулзаж буйгаар гарахад үзэгч олны "нүд нь орой дээрээ гарсан". Энэ тухай одоо хэр нь нарийн тайлбар байдаггүй. 2009 онд гарсан ангиас эхлээд бид Ханы тухай улам олон сонирхолтой зүйлсийг олж мэдсэн. Хан анх Домын багийн гишүүн байсан ч тэдний ажил бүтэлгүйтэхэд Хан амьдралаа бодон Токио руу нүүсэн аж. Харин "Хурд-5" кинонд Хан бүрмөсөн Домын багийн гишүүн болсноор гардаг. Ингэхдээ тэрбээр Жизель гэх эмэгтэйтэй таарч, банк дээрэмдсэн ажиллагааныхаа хувийг аваад түүнтэй хамт Европоор аяладаг. Гэвч тэдний хайр сэтгэл удаан үргэлжлэхгүй. Жизель Ханыг аврахын тулд өөрийн амийг золиослох бөгөөд эмгэнэж шархалсан Хан багаасаа гарч Токио руу буцдаг. Чухам энэ цаг үеэс Токио дрифт киноны цаг үе эхэлж буй нь тэр.

Харин цувралын долдугаар ангид бид Ханы үхэлд хэн жинхэнээсээ буруутайг олж мэдсэн. Түүний үхлийн цаана Дом болон түүний багт ялагдсан Оуэн Шаугийн дүү Декард Шау байв. Тэрбээр ахынхаа өшөөг авахын тулд Домын багтай дайсагналцсанд эхний хохирогч нь Хан байсан аж.

Ийнхүү Ханы талаар үзэгч бид бүхэн бүхнийг мэдээд түүнийг сэтгэлийнхээ гүнд оршуулчхаад байж байтал шинэ ангийн трейлер цацагдсан. Гэтэл шинэ киноны трейлер дээр үхсэн хүн гараад ирэв. Үнэндээ бид Ханы үхэж буйг олон арван удаа харсан, кинон дээр ч найзууд нь түүний оршуулгыг зохион байгуулж, салах ёс гүйцэтгэсэн шүү дээ. Гэтэл тэр амьд байж.

Трейлерийн төгсгөлд "Шударга ёс ирэх болно" хэмээх бичиг гарч ирдэг нь магадгүй "Ханд шударга ханд" гэх утгатай байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 202.179.27.109

Хурд хамтлаг энэ жүжигчинг клипэндээ оруулах гэж байгаа юмуу л гэж бодлоо шдээ. ККК

Avatar

Зочин 2020-02-27 103.142.76.8

Хурдын Япон Цогоо ха ха,

Avatar

Хаха 2020-02-27 192.82.76.95

"Хурд" – ын Цогоо л гэж мэдэхээс юуун хангуг вээ???

Avatar

Зочин 2020-02-27 103.142.76.8

Хурдын Япон Цогоо ха ха,

Avatar

Зочин 2020-02-27 49.195.31.24

Haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж