“Уран бүтээлч тайзаа орхих ёсгүйг ойлгосон”

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

“Уран бүтээлч тайзаа орхих ёсгүйг ойлгосон”

“Уран бүтээлч тайзаа орхих ёсгүйг ойлгосон”

“Хүрээний хөөрхөн Дэнсээ юу”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дууг сэтгэлд хоногштол дуулж, дуурийн олон сайхан дүр бүтээсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүтэй ярилцлаа.

Ард түмэндээ “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дуугаараа овоглогдсон тэрбээр залуу насандаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлооч явсан уран бүтээлч. Өдгөө 16 дахь жилдээ Монгол Улсын консерваторит багшилж байна.


-Та сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ, та бүхэн сайхан шинэлэв үү. Манай гэр бүл төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн дагаж, гэртээ сайхан шинэллээ.

-Гавьяат жүжигчин, дуучин Х.Үнэнхүүг Монгол Улсын консерваторит багшилдаг гэж дууллаа. Та хэд дэх жилдээ багшилж байна вэ?

-Монгол Улсын консерваторит 2004 оноос цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Би 2009 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраасаа гарч, таван жилийн хугацаанд сургуульдаа цагийн багшаар ажиллах болсон юм. Тэр цагаас хойш энэ жил 16 дахь жилдээ багшилж байна.

-Ард түмэн таныг “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дуугаар нь овоглодог. Энэ дуу бүтсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Энэ тухай олон ч  нэвтрүүлэгт орохдоо ярьжээ. “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү зохиосон бол шүлгийг Д.Баасанжав гэж мундаг яруу найрагч бичсэн юм. Тэр үед би Соёл, урлагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан байлаа. Анх 1994 оны шинэ жилийн баяраар энэ дуугаа дуулж, сонсогчдод хүргэсэн. “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дуугаа олон түмэнд хүргэхэд бараг нэг жил шаардсан. Энэ хугацаанд олон ч дуучин дууг маань дуулсан. Тэр дунд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ичинхорлоо, алдартай ардын дуучин Д.Баасанхүү ах, Ц.Үенч гавьяат дуулж, ард түмнээ дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

“Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дуу маань намайг олон түмэнд хүргэхээс өмнө буюу 1993 онд “Зохиолын дууны найр” гэж мэргэжлийн дуучдын уралдааны нэгдүгээр байрт орсон байдаг юм. Энэ дауу маань миний нэрийн хуудас болсон уран бүтээл. Ард түмэнд анхны уран бүтээлээрээ танигдаж, хайрлагдаж явна гэдэг их завшаан байхгүй юу. Зөвхөн би ч биш олон сайхан уран бүтээлч ард түмний сэтгэлд хоногшсон дуугаараа овоглож явдаг шүү дээ. Жишээлбэл, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ах “Цэнхэрийн голоор нутагтай” дуугаараа, Ц.Түвшинтөгс ах маань “Бурхан бумбын орон” зэрэг дуугаараа ард түмнийхээ сэтгэлд хоногшсон байдаг. Тэдний араас би “Дэнсээ юу” дуугаараа ард түмэнтэйгээ уулзсан байдаг юм. Миний араас 28 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн П.Ганбат агсан маань “Ус мөрөн олон чиг” дуугаа дуулсан байдаг.

-“Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дуугаараа нэрлэсэн тоглолтоо хийж байсан гэсэн үү?

 -Би өнгөрөгч 2016 онд “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу-21 жил” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн. Тэр үед өөрийнхөө хэмжээнд сайхан уран бүтээлийн тоглолт  хийсэн. Энэ жил “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дуу маань 25 жил болж байна.

-Та хэдэн онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар орсон юм бэ?

-Би 1995 онд Соёл, урлагийн их сургууль төгссөн. Тухайн үед манай төгсөлтийн 14 оюутан дуурийн дуулаачаар төгссөн байдаг. Биднийг их сургуулиа төгсөхөд Зууны манлай алдарт дуурийн дуучин Ц.Пүрэвдорж багш маань “Учиртай гурван толгой” дуурийг уран чадварын хичээл дээр тавьж, түүнийгээ хамгаалахын тулд хоёр застав дуулж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон. Түүний дараагаар ангиараа театрын босгыг алхаж орох эрхийг олж авсан юм. Тэрнээс биш би ганцаараа театрт ороогүй.

Анх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дууны ангид орсон. Би жил гаруй найрал дуунд дуулж байж гоцлооч болсон доо. Би Дуурийн театрын найрал дууны ангид байхдаа “Никитон”-ы“Хос хунгийн дууль” дууны хоорт зогсч байлаа.

нх сантехникч мэргэжилтэй байхад дуурийн урлагт хөтөлсөн хүн нь “Ардын элч” уран сайхны киноны Ариунаагийн ээж гэж дуулсан. Таны анхны багш уу?

 -Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн багш маань миний амьдралд маш чухал нөлөө үзүүлсэн хүн л дээ. Учир нь аав намайг анх дуучин болгохоор багш дээр минь авч ирсэн. Би тэгэхэд 19 настай байсан. Тэндээс л анхны дуучин болох хоолойн дасгал, техникүүдийг мэдэж эхэлсэн. Би ч дотроо бүтэх үү гэж л бодож явлаа. Багш маань намайг нэг жил бэлдэж байгаад Соёл урлагийн дээд сургууль анх 1990 онд байгуулагдахад элсүүлж байсан юм.

Тэрнээс өмнө би сантехникийн мэргэжлээр ТМС-ээ төгсөөд, нэг жил ажилласан байлаа. Гэхдээ би одоо ч энэ мэргэжлээ их хүндэтгэдэг. 1986 онд анх сантехникийн мэргэжлээр суралцаж, дөрөвдүгээр зэрэгтэй төгссөн юм.

-Тэгвэл аав тань урлагийн замд хөтөлсөн гэж ойлгож болох уу?

-Тэр бол ёстой хүний хувь тавилан байх. Миний өвөө тээврийн жолооч хүн байсан болоод тэр үү, багадаа л мэргэжлийг нь өвлөнө гэж боддог байлаа. Гэхдээ би бас дуулах сонирхолтой. Арван жилийн сургуульд байхдаа урлагийн үзлэгт идэвхтэй оролцоно, урлагийн салааныхаа ахлагч нь байв. Аав маань “Чамайг Багшийн дээдийн найрал дууны ангид шалгуулна” гэсэн. Би  “Үгүй ээ, аав минь. Би жолооч л болно” гэдэг байлаа. Тэгсэн нэг өдөр юу болсон юм бүү мэд “Тэр сургуульд нь очоод шалгуулаад үзье” гэж бодсон. Тэгээд л урлагийн замналд орсон гэж хэлж болно.

-Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллаж байхдаа хэчнээн дүр бүтээсэн бэ?

-Би театрт ажилласан 14 жилийн хугацаанд нийтдээ 24 гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг. Миний хамгийн анхны дүр бол оюутан байхдаа тоглосон “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүр. Мөн “Севилийн үсчин” дуурийн Бартологийн дүрд тоглосон. Надад маш их зохиж байсан. Гэхдээ би уг дуурийн сүүлийн үзэгдэлд жаахан дутуу дуулсан гэж боддог. Тухайн үеийн уран бүтээлчид ярихдаа “Х.Үнэнхүү шиг Бартоло байгаагүй” гэж урмын үг хэлдэг байсан. Бас П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Гремин вангийн дүрдээ хайртай. Мөн “Богема” дуурийн Калланы ажиллагаа ихтэй дүр байна.

-Бас залуудаа кинонд тоглосон гэл үү?     

-Тэгсэн. Автобус баазын 40 жилийн ойд зориулсан “Жирийн хүмүүс” гээд захиалгын уран сайхны кинонд анх 23 настайдаа тоглосон. Мөн “Их говийн жонон” гээд уран сайхны кинонд драмын театрын жүжигчин залуугийн дүрд тоглосон.

-Сонгодог урлагийн дуулаач нийтийн дуу дуулахад хүлээн зөвшөөрдөг байв уу?

-Мэргэжлийн дуучин хүн дууриа ч, дуугаа ч дуулдаг байх ёстой. Тэр зарчмыг би одоо ч баримталж явдаг. Миний багш Ардын жүжигчин Д.Жаргалсайхан маань надад хэлэхдээ “Дуучин хүн дуу дуунд зориулж техникийг хэрэглэх ёстой” гэдэг. Мөн Г.Хайдав багш маань “Монголоор хэл, монголоор дуул. Ингэж байж цэвэр монгол техник гарч ирнэ” гэж захидаг байсан.

-Та тайзаа хэр санадаг вэ. Хамгийн сүүлд хэзээ дуурь үзэв?

-Би нэг хэсэг театрынхаа тайзнаас холдчихоод Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр багшийн уран бүтээл дээр очиж дуулсан. Тэгэхэд охин маань хамт явсан. Тэгээд би тайзан дээрээ дуулчихаад шууд гараад зөндөө уйлсан. Уран бүтээлч хүн тайзаа эргэн санадаг л юм билээ. Дараа нь би “Тайзан дээрээ эргэн дуулах ёстой юм байна” гэж бодсон. Ноднин театрын уран бүтээлчид маань зохион байгуулсан “Учиртай гурван толгой” дуурийг дуулсан үе үеийн уран бүтээлчид үзэгдэл үзэгдлээр нь тоглосон. Би тэр тоглолтод Балганы дүрдээ тоглосон. Тэгэхэд үзэгчид маш сайхан хүлээж авсан.

Мөн Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийн ой болж, концертод нь Бас П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Гремин вангийн дүрд дуулсан. Тэнд дуулаад өөрийнхөө дуулсныг эргээд сонсоход “Уран бүтээлч хүн тайзаа орхиж болохгүй юм байна” гэдгийг ойлгосон. Гэхдээ хамгийн гол нь уран бүтээлчдийн дуулах үе гэж бий. “Цаг цагаараа байдаггүй. Цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг шүү дээ. Одоо цагийн залуус мундаг байна. Тэд маань одоо дуулах ёстой. Гэхдээ тэдний дэргэд бид дэмжиж, зөвлөөд байх л ёстой байхгүй юу.

-Яагаад театраасаа гарсан тухайгаа ярьж болох уу?

-Би 2004 онд ажлын хариуцлагаас болж театраасаа гарсан удаатай. Дараагаар нь эргэж ороод 2009 онд сургуульдаа үндсэн багшаар ажиллах болсноо мэдэгдэж, албан ёсоор гарсан даа. Би үндсэндээ театрт 1995 онд орж, 14 жил театртаа ажиллаад гарсан юм.

-Сүүлд шинэ уран бүтээл хийсэн үү?                    

-Нэг талдаа миний залхуу зангаас болж байгаа байх. Нөгөө талдаа миний үеийн дуучид цөөн байжээ. Одоо ч нийтийн дууг дуулах залуус борооны дараах мөөг шиг болчихжээ. Бидэнд ерөөсөө зай өгөхгүй байна. Тэр дунд би зүтгээд л байх хэцүү шүү дээ. Тэрнээс биш надад хүнд хүргээгүй шинэ олон дуу байна. Бараг бүтэн концерт байна.

Нийтийн дууны урлаг хөгжихгүй байгаа нь манай сургалтад их асуудал байна. Уран бүтээлч хүний сэтгэлгээг хөндөхгүй бол зүгээр нэг багшаас зөвлөгөө аваад л дууны клип хийгээд дуучин болдог болж. Үүнийг л хамжааргатай болгохгүй бол нийтийн дууны урлаг мөхнө шүү.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач?

-Миний хань мэргэжлийн баян хуурч хүн. Багш нь Соёлын коллежийн мундаг баян хуурч н.Сайнбуян гэж хүн байсан. Харамсалтай нь, баян хуур хөгжмийн сургалтыг 1990-ээд оны сүүлчээр хаасан. Одоо хань маань хөгжмийн багшаар ажилладаг. Манайх гурван хүүхэдтэй. Том охин Ү.Уртнасан маань одоо 23 настай. Охин маань Монгол Улсын консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын ангийг төгсч байгаа. Мэргэжлийн багш нь Монгол Улсын Гавьяат багш Ч.Тунгалаг гэж мундаг хүн бий. Тэр багшийн хүчинд охин маань сайхан мэргэжил эзэмшиж байна. Одоо Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт концертмейстр багшаар ажиллаж байгаа. Бас Улсын филормонид давхар ажилладаг. Өөрөө бас дуулах сонирхолтой.

Манай дунд хүү Ү.Насанбат зургадугаар ангийн сурагч. Саяхан театрт тоглосон “Богема” дуурьт анх удаа хүүхдийн дүрд тоглосон. Ер нь манай хүүхдүүд театртай салшгүй холбоотой байж ирсэн. Одоо бага хүүхэд маань гурван нас хүрэх гэж байна.

-Том охин Ү.Уртнасан нь “The Voice of Mongolia” шоунд оролцсон байсан. Охиныгоо хэрхэн дэмжиж байна вэ?

-Хоёр үзүүртэй юм. Би дуулаачийн багш хүн учраас нэг талдаа голонгуй хандаж байгаа. Нөгөө талаас “Охин маань бас гайгүй дуулж байгаа учраас тэсвэр тэвчээрийг нь үзэх ёстой” гэж эцэг хүний хувиас хатуухан л хандаж байгаа даа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж