Эрсдэлийг даван туулах талаар эдийн засагчид ЗӨВЛӨЖ байна

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Эрсдэлийг даван туулах талаар эдийн засагчид ЗӨВЛӨЖ байна

Эрсдэлийг даван туулах талаар эдийн засагчид ЗӨВЛӨЖ байна

Дэлхийн олон улс Сovid-19 вирусийн сөрөг нөлөөнөөс эдийн засгаа хамгаалах арга замыг эрэлхийлж эхэллээ. Монгол Улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас ихээхэн хамааралтай учраас шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадын эдийн засагт хэр их сөрөг нөлөөлөл авчрах вэ гэдэг нь Монголын эдийн засагт томоохон эрсдэл үүсгэж болзошгүй юм. Монгол улсын төсвийн гол орлогын нэг нь нүүрсний экспорт. Хэдийгээр нүүрсний экспорт энэ оны нэгдүгээр сарын статистикаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй хэвээр байгаа ч нүүрсний экспортыг түр зогсоох Засгийн газрын  шийдвэрийн нөлөөгөөр экспорт зорилтот түвшиндээ хүрэхгүй буюу  нэгдүгээр улирлын нүүрсний орлогоо алдах нь тодорхой болоод байна.

БНХАУ руу гаргах нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх шийдвэрийг гаргаад байсан ч бэлтгэл, нөхцөл хангаагдаагүй тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулж байгаагаа өчигдөр /2020.02.26/ Улсын онцгой комисс мэдээлсэн.

Экспорт буурсантай холбоотойгоор төсвийн орлого хумигдаж, АМНАТ-ын орлого  буурах хандлага ажиглагдаад эхэллээ. Орлого буурч байгаагийн хэрээр зарлагаа хэрхэн танах талаар бодлого шийдвэрийг төр гаргах ёстой. Төсвийн зарлага орлогоосоо 2 их наядаас дээш хэтэрч болохгүй хуультай.

Дэлхийн банкны өмнө нь хийсэн судалгаагаар Хятадын эдийн засаг нэг хувиар саарахад Монголын эдийн засаг дагаад 0.8 хувиар саарна гэсэн эмпирик судалгаанууд бий. Эндээс Монголын эдийн засаг Хятадын эдийн засгаас өндөр хамааралтай болох нь шууд харагдаж байгаа юм.

Энэ сарын 19-ны байдлаар “Улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал 1 их наяд төгрөгийн орлого дутна” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон. Түүнчлэн Сангийн сайдын хувьд одоогоор төсвийг тодотгох шаардлага байхгүй. Харин сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий” гэдгийг хэлж байгаа юм.

Ямартай ч ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар иргэд, ААН, байгууллагуудад учирч байгаа санхүүгийн хохирлын талаарх асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

Тэгвэл эрсдэлийг  хэрхэн даван туулах арга, механизмийн талаар эдийн засагчид ийн хэлж байна.

Эдийн засагч Н.Энхбаяр: Төсөвтөө яаралтай тодотгол хийх ёстой

УИХ сонгуулиас өмнө тавдугаар сард төсөвтөө тодотгол хийх ёстой. Төсвийн орлогоо дор хаяж хоёр их наяд, зарлагаа мөн хоёр их наядаар танаж чадвал арай эрүүл төсөвтэйгөөр оноо үднэ. Энэ жил төсвийн зарлага талдаа маш олон барилга барихаар төлөвлөсөн. Тэдгээр барилгын тендер зарлагдаад ажил нь эхэлнэ. Тендерт ялсан компани ажлаа хийхийн тулд банкнаас зээл авна. Барилгынхаа шавыг тавина. Гэтэл оны сүүлээр төсвийн орлого дутаад өнөө барилгыг санхүүжүүлэхээ зогсооно. Тэгэхээр нэгдүгээрт, тэр ажил явахгүй гацна. Хоёрдугаарт, тэр барилгын төслийг тендер ялж хэрэгжүүлж эхэлсэн компани банкны зээлийн өрөө төлж чадахгүй. Зээлийн хүүндээ шатаж эхэлнэ. Тэгээд банкны чанаргүй зээлийн хувь өснө.  Тийм учраас төсөвтөө яаралтай тодотгол хийж үр ашиггүй, шинээр эхлэх гэж байгаа барилгуудыг зогсоох хэрэгтэй.

Дэлхий Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану: Төсвийн алдагдал, өр нэмэгдүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй

Бодлогын түвшинд үндсэн гурван чиглэлд анхаарах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. Нэгдүгээрт, төсвийн эрүүл, зохистой бодлого чухал. Төсвийн алдагдал, өр нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд төсвийн орлого, зарлагадаа зөв үнэлгээ хийж, нэг талдаа хүн амынхаа эрүүл мэндийг хэрхэн үр дүнтэй хамгаалах уу, нөгөө талдаа бусад төлөвлөсөн эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх тал дээр орлого, зардлаа эргэн харж, эрэмбэлэх замаар зөв төлөвлөлт чухал юм. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ буурч байгаа ч гэсэн бусад оронтой харьцуулахад өндөр түвшинд хэвээр байгааг анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Төв банк аль болох гадаад валютын интервенцээ зохистой түвшинд байлгах замаар валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зэрэг нь бодлого боловсруулагчдын хувьд эн тэргүүний хоёр чухал бодлогын зорилт байх болов уу.

Гуравдугаарт, Засгийн газраас бизнесийн орчны тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн реформоо тууштай үргэлжлүүлэх нь зах зээлийн хэтийн төлөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эдийн засагч Б.Лхагважав: Борлуулалт зогссон үед банкны хүү авах гээд дайраад байхгүй байлгүй

Монголын экспортын бүх орлого, импортын 50 хувь бүгд урд хөрштэй холбоотой. Үүнийг дагаад мэдээж эдийн засаг саармагжих байдал гарна. Энэ дээр төрийн институт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал. Монгол Улс маань нэгдмэл байж энэ байдлыг давах чадвартай байна уу, нийгмийн дэг журам байна уу гээд олон юмны шалгуур болно доо.

Өнгөрсөн жил 2 их наядаар илүү төсөв баталсан. Тэрийг буцааж байхгүй болгох хэрэгтэй. Энэ төсөв сонгуульд зориулсан төсөв байсан гэж өмнө ч хэлж байсан. Хэрэв тодотгол хийж болдог бол буцаагаад 11 их наядаар нь байлгачих хэрэгтэй. Нөгөө талаасаа өвлийн яг энэ улиралд голдуу худалдаа, үйлчилгээний салбар, цөөхөн уурхай ажиллаж байна. Уул уурхай, барилгын салбарын 70 гаруй хувь нь ерөнхийдөө зогсолтын байдалд байна. Үйлчилгээний салбарыг дагаад гарч буй санхүүжилт, банкны зээл гээд харах байлгүй дээ. Борлуулалт зогссон үед банкны хүү авах гээд дайраад байхгүй байлгүй. Харилцан зохицож, хүндрэлтэй үе гээд 50, 50 хувиар багасгадаг ч юм уу уян хатан байх ёстой гэж үзэж байна.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин: Төрөөс татварыг нь хойшлуулах тал дээр анхаарвал том дэмжлэг болно

Онцгой хорионы үед компаниудаа дэмждэг жишиг дэлхийн олон улсад бий.  Төрөөс татварыг нь хойшлуулах тал дээр анхаарвал том дэмжлэг болно. Хятад улсын тухайд түрээсийн төлбөрийг нь 2-3 сараар нь төлж өгөх, зээлийн хүүг нь хойшлуулах гээд бодитой арга хэмжээг авч байгаа юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж