Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын түвшний хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2020.02.25/ явагдлаа.
- Челси 0:3 Байерн Мюнхен
УЕФА Аваргуудын лигийн 2012 оны финалын хоёр баг дахин нэг удаа учраа таарлаа. Хоёр багийн эхний тоглолт Английн Лондон хотын Стемфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Тоглолтын эхнээс талбайн зочид болох Германы Байерн Мюнхен баг илт давамгайлж хэд хэдэн аюултай довтолгоо хийв. Тэд тоглолтын турш 64 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 16 удаа цохиж 6 нь хаалгаа оносон байна. Харин талбайн эзэд Челси 36 хувьтай бөмбөг эзэмшиж хаалга руу 9 цохиж, гурав нь хаалга оножээ.
Энэхүү тоглолтын эхний хоёр гоолыг Байерн Мюнхен багийн жигүүрийн довтлогч Серже Гнабри оруулсан бол гурав дахь буюу эцсийн гоолыг Польш гоолын машин Роберт Левандовски оруулж, Байерн Мюнхен чухал хожил авлаа. Мөн тус тоглолтод Челси багийн Итали хагас хамгаалагч Жоржиньо шар хуудас хүртэн хариу тоглолтод оролцох эрхгүй болсон бол Испани зүүн жигүүрийн хамгаалагч Маркос Алонсо улаан хуудас хүртэн, мөн дараагийн тоглолтыг өнжих болсон. Хоёр багийн хариу тоглолтод ирэх сарын 19-нд Германы Аллианз аренад явагдана.
- Наполи 1:1 Барселона
Италийн Неаполь хотод явагдсан энэхүү тоглолтод талбайн зочид болох Испанийн Барселона баг 67 хувьтай бөмбөг эзэмшиж байсан боловч тоглолтын эхний гоолыг талбайн эздийн Бельги довтлогч Дриес Мертенс оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч Барселона багаас хоёрдугаар үеийн 57 дах минутанд тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн.
Энэхүү тэнцээний гоолыг Л.Месси бус Франц довтлогч Антон Гризманн оруулж багаа хожигдлоос аварсан. Тоглолтын 89 дэх минутад Чили хагас хамгаалагч Артуро Видал улаан хуудас хүртэн дараагийн тоглолтод оролцох эрхгүй болсон. Хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 19-нд Испанийн Барселона хотын Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Холбоотой мэдээ