Шинэ төрлийн коронавирусийн тархалт улам бүр нэмэгдэж байна. Халдварт өвчний тархалттай холбоотойгоор Японы нийслэл Токио хотноо болох Зуны олимпийн наадмыг өөр улс хот руу шилжүүлэх, хойшлуулах гэх мэт саналууд гараад байсан билээ.
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос өчигдөр /2020.02.25/ мэдэгдэл хийж, коронавирусийн тархалт олимпийн наадмын зохион байгуулалтад нөлөөлөх хэмжээнд хүрч, нөхцөл байдал хүндэрвэл олимпийн наадмыг өөр хот руу шилжүүлэх, хойшлуулах гэхээс илүү цуцлах арга хэмжээ авах болно гэдгийг мэдэгджээ.
ОУОХ-ны гишүүн Дик Паундын хэлснээр Токио 2020 олимпийн наадмыг цуцлах эсэхийг тавдугаар сард эцэслэн шийдвэрлэх аж. Гэхдээ тэрбээр олимпийн наадамд оролцох 11,000 орчим тамирчныг бэлтгэлээ зогсоолгүй, үргэлжлүүлэхийг уриалсан байна.
Токиогийн олимпийг зохион байгуулах гэрээний 12-р хэсэгт дуусгавар болох тухай, 66-р хэсэгт гэрээг цуцлах тухай дурджээ.
Гэрээнд дурдсанаар “Нээлтийн ёслолын өмнө, эсвэл наадмын үеэр дайн, эмх замбараагүй байдал, бойкот, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтоосон хориг, хоригийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх нөхцөл байдал үүссэн үед ОУОХ өөрийн үзэмжээр олимпийн наадамд оролцогчдын аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн, заналхийлж болзошгүй гэж дүгнэвэл олимпийн наадмыг цуцлах арга хэмжээ авч болно” гэжээ.
Гэхдээ Токио хотод олимпийн наадам зохион байгуулах гэрээнд эрүүл мэндийн шалтгаан буюу өвчний талаар дурдаагүй байгаа юм. Харин 2024 онд болох Парисын олимпийг зохион байгуулах гэрээнд “Олимпийн наадамд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах нөхцөл байдал үүсвэл ОУОХ олимпийн наадмыг цуцлах үндэслэлтэй” гэж заажээ.
Эх сурвалж: https://www.abc.net.au/
Холбоотой мэдээ