Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны дараа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийслэлээс гарч, орох хяналтын цэгүүдэд цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ хугацааг цааш нь сунгаж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын ажлууд хэвийн хийгдээд явна. Үүнд анхаарах асуудлууд бий. Өчигдрийн 23.00 цагаас өнөөдрийг хүртэл хяналтын цэгүүдэд хийгдэж байгаа ажлын хүрээнд зөвхөн аймаг, орон нутгийн Онцгой комиссын даргын зөвшөөрөлтэйгөөр иргэд, автомашинууд нэвтэрч байна. Үүнд цахим бүртгэл хийгдэж байна.
Иймд орж гарч байгаа иргэдийн бүхий л мэдээлэл цахим хэлбэрт орж, мэдээллийн бааз бий болж байна гэсэн үг. Энэ ажлын хүрээнд зарим хяналтуудад хүн хүчээ нэмж, эмнэлгийн болон анагаах ухааны бусад салбарын нийт 120 гаруй оюутан, эмч, сувилагчийг нэмж ажиллуулж байна.
Улсын онцгой комисс хуралдаж дууссаны дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж, шийдвэрүүдээ гаргана. Сүм, хийд, баар, үйлчилгээний газрууд, зарим байгууллагуудтай холбоотой үйл ажиллагааг хязгаарлах, зохицуулалтын хүрээнд ямар ажил зохион байгуулах талаараа ярилцаж шийдвэр гаргана.
БНСУ-ын онгоцоор орж ирсэн, сүм хийдийн үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад амьдардаг зарим иргэдийг тусгаарласан, шинжилгээ хийсэн. Мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 28 сүм хийд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ байна.
Бүх төрлийн шашин, соёлын байгууллагуудыг үйл ажиллагаагаа Засгийн газрын гаргасан шийдвэр, УОК-ийн хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсооно, үүнд хяналт тавина. Мөн ресторанууд байна. Ямар нэгэн сэжигтэй тохиолдлоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж байна. Урьдчилсан байдлаар аймаг, орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоож байна. Япон Улсаас ирэх нислэгийг зогсоож байгаа" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ