Египет улсын Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 91 насандаа таалал төгссөн талаар тус улсын үндэсний телевизээр мэдээлжээ. Түүний үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл байхгүй ч орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр тэрбээр сүүлийн жилүүдэд маш хүндээр өвдөж, удаан хугацааны турш эмчлүүлж байсан аж.
Хосни Мубарак 1928 оны тавдугаар сарын 4-нд төржээ. Тэрбээр сургуулиа төгсөөд, цэргийн коллежид элсэж, 1950-иад оны сүүлээр Зөвлөлт Холбоот Улсад дадлага хийхээр очсон байна. Дараа нь Хосни Мубарак ЗСБНХУ-д дахин очиж, орос хэл шамдан сурчээ.
Мубарак 1981 онд Египетийн дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож, тус улсыг 30 жилийн турш удирдсан бөгөөд энэ хугацаанд түүний бүрэн эрхийн хугацааг бүх нийтийн санал асуулгаар гурван удаа сунгажээ.
2011 онд "Арабын хавар" хувьсгалт тэмцлийн улмаас тэрбээр огцорсон байна. Дараа нь Каир дахь Тахрирын талбайд жагсагчид амиа алдсан хэрэгт Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн оролцоо байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлжээ. Улмаар түүний гэм буруутай болохыг тогтоон, шүүхээс Мубаракт бүх насаар нь хорих ял оноосон ч 2014 онд цагаатгажээ.
Египетийн эрх баригчид Ерөнхийлөгч асан Хосни Мубарак таалал төгссөнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны Лхагва гаригаас эхлэн гурван өдрийн гашуудал зарлалаа гэж “Egypt Today” мэдээлсэн байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ