Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ. Мөн Засгийн газар, салбарын яам, НОК-оос сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хот руу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод хоёрдугаар сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийн /шинийн дөрвөн/ өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос асуумж авахаар болжээ.
Тодруулбал, хот хоорондын замыг нээх өдөр буюу хоёрдугаар сарын 27-ний пүрэв гаригийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд зургаан шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунтэд багтаан асуумжаа авах юм байна.
Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой аж. Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг гуравдугаар сарын 8-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусын тархалтын нөхцөл байдлаас хамааран цаашид үргэлжлүүлэн сунгагдах магадлалтай аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ