“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгээ толилуулна

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгээ толилуулна

“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгээ толилуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, үндэсний урлагийн “Цагаан лавай” чуулгатай Хүүхдийн үндэсний контентыг нийтэд хүртээхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Цагаан лавай" чуулгын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл нийтэд хүргэхийг чиглэл болгосон уриалгыг дэмжиж хараахан үзэгчдийн хүртээл болоогүй цоо шинэ уран бүтээлээ шинэ зууны технологийн дэвшлийг ашиглан хүүхэд багачуудад хүргэхээр боллоо.

Хүүхдэд зориулсан дуулалт бүжгэн жүжгийг бүтээн туурвих цаг хугацаа, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө энэ бүхний цаана байгаа ч шинэ уран бүтээлээ IPTV-гээр нээж, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед хүүхэд багачуудын оюуны хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн бүрэн хэмжээний уран бүтээлийг хүргэж буй нь анхны тохиолдол болж байна.

Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Миний цэцэн хурга” нэртэй уг дуулалт бүжгэн жүжиг нь Монголын ахуй амьдралыг түүхэн уламжлалт өв соёлтой хослуулан хүүхдийн сэтгэхүйн онцлогт таарсан хэлбэрээр, хүн байгаль, амьтдын хоорондын харилцаа, ахуй байдал, ёс заншил зэрэг үйл явдлыг илэрхийлсэн тайзны бүтээл юм. Таван хошуу мал, амьтнаар дамжуулан хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, аливаа зүйлийг арга ухаан, ухамсар сэтгэхүйгээрээ тунгаах, амьтай бүхнийг энэрэх нинжин сэтгэлийн ач тусын тухай өгүүлэх юм. Дуулалт бүжгэн жүжгийн нээлт гуравдугаар сарын 17-нд болно. Ингэхдээ бүх IPTV-гээр гаргах юм.

Өнөөгийн түгээмэл хандлагаар уран бүтээлийн нэгдлүүд шинэ уран бүтээлээ театрын тайзнаа тоглож, кино театраар гаргаж тодорхой хэмжээний орлого олсныхоо дараа IPTV –гээр гаргадаг жишигтэй. Харин “Цагаан лавай” чуулга олон нийтийн арга хэмжээг хориглосон энэ өдрүүдэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлөвлөгөөт уран бүтээлээрээ ийнхүү бэлэг барьж байна. Тус уран бүтээлд “Цагаан лавай” чуулгын 50 гаруй уран бүтээлч оролцож ажилласан юм. Түүнчлэн энэ бүтээлийн дууг авьяаслаг дуучин охин Энжи дуулсан ба цаашид “Миний цэцэн хурга” дуулалт, бүжгэн жүжгийн дууг хэн сайн дуулах вэ улсын уралдааныг зохион байгуулах гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж