НЭМЭЛТ:
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч, нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх зэрэг асуудлаар Засгийн газар маргааш /2020.02 26/ өглөө өргөн бүрэлдэхүүнээр хуралдахаар болжээ.
Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комисс хуралдах юм байна.
Улсын Онцгой комиссын хурлаар Монгол-Японы хооронд үйлдэж буй нислэгийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ-ЯПОНЫ НИСЛЭЛИЙГ ЦУЦЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
У. Хүрэлсүх Улсын Онцгой комиссын дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт дөнгөж сая үүрэг өглөө. Энэ үеэр Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өглөө.
Учир нь, уушигний шинэ төрлийн “коронавирус”-ээр халдварлагдаж буй Япон иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа тул Монголоос Япон руу хийх нислэгүүдээ зогсоох чиглэл Ерөнхий сайд өгсөн юм байна. Энэ асуудлыг Улсын Онцгой комисс хуралдаж, шийдвэрлэнэ.
Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 24-ны 19.00 цагийн байдлаар “Diamond Princess” хөлөг онгоцонд ажиллаж байсан Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэг ажилтан болон хорио цээрийн газрын нэг ажилтан шинээр халдвар авсан нь тогтоогдоод байна. Түүнчлэн Хоккайдо мужид 4, Канагава мужид 1 хүн шинээр халдвар аваад байна. Ингэснээр Япон Улсад халдвар авсан нийт иргэдийн тоо 845-т хүрэв. Үүнээс 139 нь БНХАУ-аас ирсэн жуулчид болон Япон иргэд, 691 нь “Diamond Princess” хөлөг онгоцонд халдвар авсан иргэд, 14 нь БНХАУ-аас чартер нислэгээр Япон Улсад ирсэн иргэд байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС МАРГААШ ХУРАЛДАНА
Улсын Онцгой комисс маргааш /2020.02.26/ 12.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.Үүний зэрэгцээ, Эрүүл мэндийн яам өдөр бүр 11.00 цагт олон нийтэд нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өгч байна. Иймээс иргэдийг баталгаажсан эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар, шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад орж ирээгүй, бүртгэгдээгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт зургаан сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Иймээс хүн бүр сэрэмжтэй байж, гэр бүлээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байгаа билээ.
Холбоотой мэдээ