"Иргэд хилийн боомтоо өөрчилж, хил нэвтрэх гэж оролдож байна"

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

"Иргэд хилийн боомтоо өөрчилж, хил нэвтрэх гэж оролдож байна"

"Иргэд хилийн боомтоо өөрчилж, хил нэвтрэх гэж оролдож байна"

НЭМЭЛТ: 

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.02.24/ 21.30 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Яамны мэдээлж буйгаар, дэлхийн олон улс оронд коронавирусийн өвчлөл нэмэгдэж буйг мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Тухайлбал, Хорват улсад анхны тохиолдол бүртгэгдлээ. Мөн өвчлөл эрчимтэй тархаж, нас баралт нэмэгдэж байгаа Итали улсад өвчний тохиолдол 54-өөр нэмэгдэж, нас баралт хоёроор нэмэгдлээ. Иран улсад өвчлөл 20 гаруй тохиолдлоор нэмэгдэж байна.

Монголчуудын анхаарлын төвд байгаа БНСУ-д өвчлөл 53 тохиолдлоор нэмэгдэж 977-д хүрч, нас баралт эрчимтэй нэмэгдэж байна.  Мөн Австри улсад анхны хоёр тохиолдол нэг дор бүртгэгдлээ. Австрийн хоёр тохиолдол Италитай хиллэдэг мужаас нь илэрчээ. Иймээс өвчлөл гарсан улс орнуудад аялсан хүмүүс коронавирусийн халдвар авах магадлал өндөр байна гэв.

БНСУ-д сүүлийн өдрүүдэд өвчлөл маш эрчимтэй тархсан энэ үед Монгол руу нэлээн олон иргэд орж ирсэн. Тэдгээр иргэдээс халуурах, ханиах зовиур илэрч байна гэдгийг ЭМЯ мэдээлж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Солонгост ажиллаж байгаад ирсэн иргэн хоолой өвдөөд, халуурч байна гэж өөрсдөө эмнэлэгт хандсан тохиолдол Багануурт бүртгэгдсэн,  мөн Төв аймгийн Цээл суманд өчигдөр орой Солонгосоос ирсэн нэг иргэн халуурч байна гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан. Эдгээр тохиолдлуудыг тусгаарлан, шинжилгээг авсан.

Баян-Өлгий аймагт гадаадын иргэд ирсэн байгаа бөгөөд тэдгээр гаднын иргэдээс нэг нь халуурсан зовиуртай байгаа тул тухайн иргэний тусгаарлан, хамт яваа хүмүүсийг нь ажиглалтад авсан.

Үүнээс гадна Асралт-Мед эмнэлэг дээр ойрын үед Солонгос руу яваад ирсэн иргэдийг тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Иргэд хилийн боомтоо өөрчилж, хил нэвтрэх тохиолдол гарч байна. Жишээлбэл, Сөүлээр орж ирэх гэснээ болиод ОХУ-ын Эрхүүгийн боомтоор дамжаад Алтанбулаг боомтоор орж ирэх гэж байгаа мэдээллүүд ирж байна. Иймээс ЭМЯ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэх гэж байгаа иргэдийг тусгаарлах үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Мөн мэдээллээ буруу бөглөх явдал засрахгүй байна. Хилийн хяналтад мэдээллээ маш зөв бөглөх шаардлагатай.

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад, цаг наргүй ажиллаж байгаа энэ үед иргэн хүн мэдээллээ худал, буруу бөглөх зэргээр хариуцлагагүй хандах тохиолдолд хуулийн байгууллагад шалгуулна гэлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Монгол Улс нэгдүгээр сарын 06-аас хойш коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч байна. Энэ үед иргэд хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн хуудас болон аялалын түүхээ худал мэдүүлж, хариуцлагагүй хандаж байна.

Иргэд өвчлөл илэрсэн газар руу аялахгүй байх, хэрвээ аялсан тохиолдолд хилийн хяналтад аяллын түүхээ үнэн зөв мэдүүлэх, өөрийгөө 14 хоног тусгаарлах,  шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Тусгаарлагдаж буй иргэд тайван байх ёстой. Тусгаарлана гэдэг бол өөрийн тань болон гэр бүлийн тань эрүүл мэнд, амь насыг хамгаалж буй гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, төрийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг зөв мөрдөж байгаа ч иргэд байна гэдгийг онцолсон юм.


КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН МОНГОЛ ИРГЭН НАС БАРЖЭЭ

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр /2020.02.25/ 17.40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна.

Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон юм.

Талийгаачтай хамт ойрын зургаан хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

БНСУ-д коронавирусийн халдвараар нийт 11 хүн нас бараад байна.


"ХАЛДВАР АВСАН ИРГЭН ЭЛЭГ, БӨӨРНИЙ ДУТАГДАЛТАЙ" 

Эрүүл мэндийн яам цаг үеийн нөхцөл байдлын талаар дахин мэдээлэл хийлээ. Тус яам өглөө 11.00 цагийн үед мэдээлэл хийснээс хойш дэлхийн 33 улсад халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Тодруулбал, Кувейт, Афганистан, Ирак зэрэг улсад халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн Японы Diamond Princess хөлөг онгоцонд илэрсэн халдварын дөрөв дэх тохиолдол нь нас барлаа.  БНСУ-д дахин 61 тохиолдол шинээр бүртгэгдээд байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: ГХЯ мэдээллийг цаг алдалгүй хангаж ажиллаж байна. БНСУ-д манай улсын иргэн коронавиурсээр халдварлалаа гэсэн мэдээллийн мөрөөр иргэд олон нийтийн зүгээс буруу ташаа мэдээлж байгаа нь маш том үр дагавартай.

Манай улсын иргэн нас бараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Гадаадын улсад манай улсын иргэн нас барах, гэмт хэрэг зөрчилд холбогдох юм бол Монгол Улсын ЭСЯ-д албан ёсоор мэдэгддэг. Тухайн иргэний эрүүл мэндийн байдал одоо хүнд байна. Гэхдээ амьд сэрүүн байгаа хүнийг нас барсан мэтээр мэдээлэл өгөх нь сөрөг үр дагавартай. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. Нэг ч Монгол хүн энэ өвчнөөр битгий нас бараасай хэмээн төрийн байгууллагууд цаг алдалгүй ажиллаж байхад хариуцлагагүй мэдээлэл битгий түгээгээч ээ гэж уриалмаар байна.

ЭСЯ цаг наргүй ажиллаж байна. Дээр нь нислэг цулагдсантай холбоотой иргэдэд тулгарсан бэрхшээлийг шийдэхээр ажиллаж байна. Иймээс албан ёсны мэдээллийг ЭМЯ-аас авна уу. Сошиалаар тодорхой болоогүй байгаа мэдээлэлд үндэслэж, иргэд гомдол мэдээлэх боллоо. Уг өвчтөнтэй хамт явсан эхнэр, эгч гэх мэт зургаан иргэнийг Намёнжү эмнэлэгт тусгаарласан байгаа. Харин тухайн Монгол өвчтөнийг Мёнжи эмчилгээний эрчимт эмчилгээний тасагт тусгаарлан эмчилгээ хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: БНСУ-д халдвар авсан өвчтөний талаар бид мэдээлсэн. Одоогийн байдлаар биеийн байдал хүнд, элэг бөөрний дутагдлын улмаас эмчлүүлж байгаа гэх мэдээллийг ГХЯ-аас авсан. Дээрх иргэний талаар бид мэдээлэл авсан даруйд тандалт судалгаа хийж байна. Тухайн иргэн нэгдүгээр сард Монгол Улсад байсан. Энэ хугацаанд томуугийн шинжилгээнд хамрагдахад улирлын томуугийн А хүрээний вирус илэрсэн. Мөн БНСУ-д дөрвөн жил амьдарсан бөгөөд бөөр, элэгний архаг дутагдалтай, эмчилгээ хийлгэж байсан мэдээлэл бий.

Хэрвээ архаг хууч өвчтэй, тэр дундаа чихрийн шижин өвчтэй хүмүүс маш богино хугацаанд коронавирусийн халдвар авч, хүндрэх эрсдэл байгааг олон улсаас анхааруулж байна. Монгол Улсад халдварын ямар ч тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Дээрх иргэнтэй хамт явсан хүмүүсээс шинжилгээ авахад хийсэн сөрөг гарсан.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: ЭМЯ-наас өнөөдөр 11:00 цагт өгсөн мэдээллийн дараа 30 орон байсан бол 33 оронд болж коронавирусийн өвчлөл нэмэгдлээ. Афганистан, Кувейт, Иракт өвчлөл нэмэгдлээ. Японы даймонд принцесс онгоцонд байсан иргэдээс дөрөв дэх нь нас барлаа.

Япон улсын сургуулиудад халуурах, ханиах шинж тэмдэг байвал гэртээ байж, эмч дуудах эсвэл утсаар зөвлөгөө авахыг зөвлөж байна. БНСУ-д өвчлөлийн тохиолдол өглөөнийхөөс хойш 61-ээр нэмэгдсэн.


ЭМЯ: КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ИРГЭН НАС БАРААГҮЙ

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, БНСУ-д буй Монгол Улсын 35 настай иргэнийг коронавирусийн халдвар авсан талаарх мэдээллийг баталгаажуулсан юм. Эрүүл мэндийн яам мэдээлэл хийсний дараахан тухайн иргэнийг нас барсан гэх  мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ мэдээллийг ЭМЯ-наас тодруулахад: "Нас бараагүй биеийн байдал нь маш хүнд байна" гэв.

Эрүүл мэндийн яам энэ асуудлаар тун удахгүй албан ёсны мэдээлэл хийнэ гэлээ.


ЭМЯ: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БНСУ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ХАЛДВАР АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой цаг үеийн ээлжит мэдээллийг өглөө

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Өчигдөр /2020.02.24/ 19.00 цагт биднийг цаг үеийн мэдээлэл өгснөөс хойш дэлхийн олон оронд коронавирусийн халдвар эрчимтэй бүртгэгдсэн. БНСУ, Япон улсад өвчлөл нэмэгдсэн. Дээр нь Кувейт, Иран, Ливан, Израйл зэрэг оронд өвчлөл нэмэгдэж байгаа. Коронавирусийн халдварын тархалт дэлхийн нэг орноос нөгөө оронд халдах эх уурхай тодорхойгүйгээр халдвар тархах эрсдэл нэлээд үүссэн байгаа.

Япон улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд санал хүсэлтээ ирлүүлж, шаардлага тавьж байна. ЭМЯ-наас иргэдийн хүсэлтийг уламжилж энэ талаар Улсын комисс хуралдаж шийдвэр гаргах байх.

БНСУ-д байгаа Монгол Улсын 35 настай иргэн нь элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсаас  БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Явсан даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан. Тэнд очоод коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь нэмэх буюу халдвартай гэсэн хариу гарсан. Өвчлөлийн нууц хугацааг тооцож үзэхэд энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж, шинжилгээ хийлгэж байхдаа халдвар авсан байх өндөр магадлалтай байна. ГХЯ, Цагдаа хууль хяналтын хамтарч ажиллаж, энэ хүнийг хаагуур явсан ямар шинжилгээ өгснийг нь судалж байна. Эрүүл мэндийн байгууллагууд хяналт тандалтаа хийж байна.

Эхнэр эгчийн хувьд шинжилгээний хариу сөрөг гарсан учраас тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн. Өвчтөн Намьянжү хотын дүүргийн эмнэлгүүдээр явж шинжилгээ өгч байсан байна лээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагийн байдлаар ДЭМБ-д коронавирусийн халдварын нийт 80 мянга 079 тохиолдол бүртгэгдсэнээс 2697 хүн нас барсан байна. БНХАУ-аас гадна 33 улсад 2300 тохиолдол батлагдаж, 31 хүн нас барсан байна. Шинээр Кувейт, Иран зэрэг орнуудад халдвар гарч, нас баралт бүртгэгдээд байна. Жишээ нь Иранд 12 тохиолдол, Италид долоон хүн нас барсан. БНСУ-д сүүлийн дөрвөн хоногт 677 шинэ тохиолдол нэмэгдэж, өчигдрийн 16.00 цагийн байдлаар 833 хүн халдвар авч, 7 хүн нас барсан байна. ДЭМБ-аас одоогоор цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байна. БНХАУ-аас гадна хэд хэдэн улсад голомтлон гарч байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авч, халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-д  тусгаарлагдсан найман тохиолдол байсан. Шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүний зургаа нь БНСУ-аас ирсэн иргэд байна. Хоёрдугаар сарын 24-ны өдрийн Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн Орхон аймагт нэг хүнийг тусгаарласан. Нийт улсын хэмжээнд зургаан тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Улс орнуудад маш хурдацтай тархаж байна. Монгол Улсад хувьд халдвар бүртгэгдээгүй. Хүн болгон сэрэмжтэй байж, гэр бүлээ хамгаалах хэрэгтэй байна. Хэрвээ бүртгэгдээд тусгаарлах үйл ажиллагаа явуулах болбол эдийн засгийн асар их зарлага гарч, хүн хүч маш их хэрэг болно. Тиймээс нэг хүний алдааг давтахгүй байя.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: УОК өчигдөр хуралдсан. Энэ хуралдаанд Эрүүл мэндийн сайд халдварын өнөөгийн байдлын талаарх мэдээллийг хийсэн. Гуравдугаар сарын 20-ныг хүртэл БНСУ руу нисэх нислэгийг түр зогсоосон. Нислэг зогсоох болсон шалтгаан бол БНСУ-д өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн санал хүсэлт их байсан. БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ яс үндэс харгалзахгүй халдвар илрэх юм бол үнэ төлбөргүйгээр эмчилнэ гэж мэдэгдсэн.

Үүнээс гадна аймгийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Иргэдэд зориулж тусгай өрөө тасалгаа бэлдэж, сувилал амралтын газрыг чөлөөлөх чиглэл өгсөн.  Замын-Үүдэд 104 тохиолдлыг ажиглаж байна. Дорнод аймагт 5, Жаргалантын амны Онцгой байдлын газрын сургалтын төвд 17 иргэн ажиглалтад байна. Эмч нар очиж үзлэг хийж байна. Илэрсэн зовуурь шаналгаа байхгүй байгаа. Өмнөговь, Дорноговь аймаг коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа гэсэн судалгаа гарсан.


БНСУ-Д АМЬДАРДАГ МОНГОЛ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

БНСУ-ын Гёнгги мужийн Намянжү хотод Covid-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн нь Бёлнэ хороонд амьдардаг 35 настай Монгол эрэгтэй байсан талаар Ёнхап агентлаг мэдээлж байна. Түүний нэрийг нууцалсан бөгөөд даруй Сөүлийн үндэсний их сургуулийн Бундан эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа ажээ. Тэрбээр Намянжүд амьдарч байгаад өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр нутаг буцаж, 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Намянжүд эргэн ирсэн гэнэ. Халдвар авсан гэх иргэн элэгний хатуурал, бөөрний архаг дутагдал гэх оноштой бөгөөд биеийн байдал хүндэрсний учир хоёрдугаар сарын 20-ноос 25-ны өдрийг хүртэл гэрээсээ гарч, оролгүй хэвтрийн дэглэмд байжээ. Түүнтэй хамт амьдарч, асарч байсан эхнэр, эгч нарын зургаан монгол иргэнээс коронавирусийн шинжилгээ авж үзэхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд Намянжү хотын захиргаанаас Монгол эрийн ойр дотнынхон болон харьцсан хүмүүсийг хяналтандаа аваад байна. Түүнчлэн ойролцоох их сургуулиудад энэ тухай мэдээлж, иргэний явсан замыг тодорхойлон тааралдсан байж болзошгүй хүмүүсийг болон монгол оюутнуудыг шалгах ажил үргэлжилж байгаа аж.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: Yonhap.news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
97
ХарамсалтайХарамсалтай
13
ГайхмаарГайхмаар
13
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж