“MRI&#34 аппарат бий эсэхээр маргав

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

“MRI&#34 аппарат бий эсэхээр маргав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Санал хураалгах шатанд Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг дуусгахад шаардлагатай зардал, мөн MRI аппарат, томографийн аппарат худалдан авахад шаардагдах зардал болох 4.5 тэрбумыг нэмж суулгах санал гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээлээ.

Гэхдээ гишүүд томографийн аппарат, MRI аппарат гэдэг нь хоёр тусдаа оношлогооны аппарат уу, эсвэл нэг юм уу. Аль нь хамгийн чухал эд вэ гэж шуугисанд Д.Арвин гишүүн цухалдаж, гар хуруугаа занган тайлбарласнаар хоёр өөр аппарат болохыг нь ойлгууллаа.

Мөн энэ явцад сайд С.Эрдэнэ “Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт MRI аппарат байгаа” гэсэн бол Д.Арвин гишүүн “Тэнд чи очиж үйлчлүүлдэг юм байгаа биз. ард түмэн чадахгүй” гэсэн бол “Нэгдүгээр эмнэлэгт ч MRI аппарат бий” гэж хариулах гишүүн байлаа. Д.Арвин гишүүний хариултаар бол нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн MRI аппарат эвдэрчээ.

Мөн Гэмтэл судлалын эмнэлэгт MRI аппарат байдаг гэсэн тайлбарыг өөр нэг гишүүн өгөхөд “Байдаггүй юм аа” гэх үгийг ч хэлэх гишүүн байлаа.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв хоёр дундаа нэг MRI аппараттай байж болох юм” гэсэн тайлбар хийсэнд Д.Арвин гишүүн уурсаж “Яахаараа улсын хоёр том эмнэлэг дундаа нэг MRI аппараттай байх ёстой юм. Эрүүл мэндийн сайд та ажлаа мэдэхгүй байна” гэсэн юм.

Гэхдээ гишүүд дээрх аппаратыг худалдан авах нь чухал гэж үзсэнээр санал 100 хувийн дэмжлэг хүлээсэн юм.

Үүнээс гадна “Үдийн цай” хөтөлбөрт шаардлагатай 2.2 тэрбумыг нэмэх гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсний зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 100 хүүхдийн ортой дотуур байрны барилгыг дуусгахад шаардагдах 280 сая төгрөгийг нэмж суулгах санал гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Булган аймгийн Булган суманд баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр ийг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барилгыг барих зураг төсөл болон бусад зардалд шаардагдах 3.2 тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт суулгах зэрэг санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж