Сурвалжлага: Мөнгө олохын тулд бусдын эрүүл мэндийг золиослогчид олширчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Мөнгө олохын тулд бусдын эрүүл мэндийг золиослогчид олширчээ

Сурвалжлага: Мөнгө олохын тулд бусдын эрүүл мэндийг золиослогчид олширчээ

Дэлхий нийтээр коронавирусээр “амьсгалж” байгаа энэ үед монголчууд ч бас сонор сэрэмжтэй байх ёстой.  Ялангуяа олон хүн цуглардаг бар, ресторанууд 00:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах журамтай.

Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хөл хорио тогтоож, үхлийн аюултай өвчнөөс хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлсээр байтал ашиг хонжоо хайсан хүмүүс эл журмыг огтхон ч хайхарсангүй. Саун массаж нэрийн дор охид, хүүхнүүд биеэ үнэлж, бар ресторанууд цаг хэтрүүлэн ажиллаж, нууцаар архи дамлан борлуулах зөрчил хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед ч гарсаар байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнгөрсөн баасан гаригийн /2020.02.21-22/ шилжих шөнө  бар, ресторан, үйлчилгээний газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж буй эсхэд гэнэтийн шалгалт хийсэн юм. Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газарт насанд хүрээгүй нэг охин болон хоёр эмэгтэй биеэ үнэлж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан билээ.

САУН МАССАЖНЫ ГАЗАР НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛСЭН ҮҮ?

2020.02.21-22-нд шилжих шөнийн 00:10 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс:  Саун массажны газарт биеэ үнэлсэн шалтгаанаар шалгагдаж буй 30 орчим насны эмэгтэй “Албадан хүчээр биш би сайн дураараа саун массажны газарт ажилладаг. Олсон ашгаа тухайн газрын эзэнтэйгээ 50, 50 хувиар хуваан авдаг. Гэр бүлийнхэн маань намайг энд ажиллаж байгааг мэдэхгүй. Гэхдээ одоо мэдчихлээ. Өмнө нь намайг  угаалгын газар ажилладаг гэж боддог байсан. Энэ ажлыг болье гэж олон удаа бодож байсан” хэмээлээ. Тэр эмэгтэйн хамтаар биеэ үнэлж байсан гэх насанд хүрээгүй охин ярихыг хүсээгүй ч түүний хэлснээр саун массажны газарт ажиллаад удаагүй гэнэ.

Саун массажны газарт ажиллах нэрийдлээр биеэ үнэлж байсан эмэгтэй өөрийгөө хоолны захиалга хүргэж яваад баригдсан гэдгээ хэлж байв. Тэр эмэгтэйн хэлснээр “Саун массажны газарт чанасан толгой хүргэлтээр авчраад  цагдаа нарт баригдчихлаа. Би биеэ үнэлдэггүй” гэсэн юм. Харин цагдаа нар бие үнэлж буй эмэгтэйчүүдийн хэрэглэдэг ердийн л нэг заль гэдгийг хэлж байлаа.

Дээрх эмэгтэйчүүдийн биеэ үнэлж байсан гэх саун массажны газарт очиход баргийн хүн олохооргүй, орон сууцны дунд нэр хаяггүй, гаднаас нь харахад өргөтгөл барилга угтлаа. Тус саун массажны газар нь нийтийн эзэмшлийн гурван өрөө байрыг олон тасалгаа болгон  нарийн зохион байгуулалтайгаар өөрчилжээ. Үүдээр нь ороход л эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь элт. Нэг л хүн орж багтахаар мэт хаалгатай олон өрөө, хөглөрсөн гудас хөнжилнөөс гадна хулдаасаар бүрсэн банзан ор бүхий угаалгын өрөө зэргийг хөшгөөр далдалжээ. Энэ газрыг ажиллуулдаг эмэгтэй “Би нэг л жил саун массажны газрын үйл ажиллагаа эрхэлж байна. Би охидуудын биеийг үнэлүүлдэггүй. Нэг удаа массажинд оруулахад 40-50 мянган төгрөгийн л үнэтэй. Бэлгэвч яах гэж хадгалсныг мэдэхгүй” хэмээсэн. Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр тухайн эмэгтэй нь садар самуунд бусдыг уруу татсан хэргээр нэг бус удаа  шалгагдаж байжээ.

БУСДЫГ САДАР САМУУНД УРУУ ТАТСАН БОЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн хэсгийн байцаагч Б.БЯРААСАН:

-Цагдаагийн алба хаагчид тус саун массажны газарт өмнө нь шалгалтын ажиллагаа явуулж, дахин зөрчил гаргахгүй байхыг сануулж байсан. Шалгалтын арга хэмжээний хүрээнд зөрчил дахин давтагдаж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтаар гурван эмэгтэй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон төдийгүй сэжиг бүхий нөхцөл байдал илэрсэн. Шугам хоолойн хананы цаана бэлгэвч дүүрэн өрсөн байсныг бусад зүйлийн хамт хураан авлаа. Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлэхийг зохион байгуулах, орон байраар хангасан тохиолдолд буруутай этгээдийг 100 нэгжээр торгох хуулийн заалттай байсан бол одоо Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэлээ.


ХЭНЭГГҮЙ ЗАНГИЙН БАЛГААР БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛАХ УЧИРГҮЙ 

Дараа нь  01:00 цагийн үед Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” ресторан ажиллаж байх үеэр орлоо. Цагдаагийн байгууллагаас тус газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчиж, шөнийн 00:00 цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн тул согтууруулах ундааг нь хураан авч, Зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авсан билээ. Тус газарт 30 орчим насны долоон эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэж, үйлчилгээний байгууллагын шаардлагыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлснээс ийнхүү тухайн байгууллага арга хэмжээ авхуулсан аж. Тэдний нэг болох иргэн Д нь ярихдаа “Рестораны зүгээс 23:30 цагт захиалга авахгүй, үүдээ хаана гэж олон удаа бидэнд сануулсан. Бид цагаа сунгаж, гарахгүй удсаар төвөг удлаа. Гэхдээ ямар олуулаа бөөнөөрөө цугласан биш дээ. Долуулаа л уулзаж ажил төрөл ярилцаж хамт сууцгаалаа. Ийм байхад юу гэж л коронавирус тусах билээ. Эрсдэл бага шүү дээ” хэмээв.

Мөн цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн юм.

Машиндаа 100 гаруй шил согтууруулах ундаа тээвэрлэж явсан иргэн хэлэхдээ “Танилаасаа шагийн архинаас их ашиг олж болно гэж сонссон болохоор хүнээс 400 мянган төгрөг зээлж бөөний төвөөс архи, пиво худалдан авч борлуулах гэж байгаад баригдчихлаа. Архи зарах гээд нэг л хонож байна” гэсэн юм. Шагийн наймаачдын хэлснээр гар дээрээс согтууруулах ундаа бусдад нууцаар зарах болсон нь ажил олдохгүй эсвэл богино хугацаанд мөнгөтэй болох зэрэг шалтгааныг хэлж байсан билээ.

Энэ мэтчилэн амар хялбар аргаар гар дээрээ байгаа хэдэн төгрөгөө өсгөчих хүн олширч, ашиг олохын төлөө  төр засгийн шийдвэрийг ч үл хайхран өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулаад зогсохгүй үндэсний хэмжээнд ч яригдаж мэдэхээр асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж