Хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед монгол түмэн төмөр хулгана жилээ угтан авч золгож байна. Баярын өдрүүдээр хот хоорондын тээврийн хэрэгслийг хязгаарласнаар авто замын урсгал сэлүүхэн байна.
Тээврийн цагдаагийн албаны хяналт шалгалтаар Улаанбаатар хотын төв замд нийтийн тээврийн хөдөлгөөн зогссон ч жолооч нар замын хөдөлгөөнд оролцож буй дүр зураг ажиглагдаж байгаа юм. Замын нөхцөл байдлын талаар ТЦА-ын хошууч Н.Шинэбаатар “Нийслэлийн онцгой комиссын тавдугаар хуралдааны шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд өдрийн 12:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн гацаж түгжирсэн асуудал гараагүй. Өчигдөр орон нутгийн зам хязгаарласантай холбогдуулан жолооч нар төрийн албан хаагчийн ажлыг эсэргүүцсэн асуудал гараагүй. Жолооч нар анхааруулахад замын хөдөлгөөн сийрэг үед хурдаа тохируулан замын хөдөлгөнд оролцохыг зөвлөж байна” гэлээ.
Тээврийн цагдаагийн албанд өчигдөр /2020.02.23/ иргэдээс 123 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 89 дуудлага мэдээлэл бүртгэгдэж гурван хүний амь нас эрсэдсэн байна. Тухайлбал, энэ сарын 23-ны өдрийн 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн "Баянхошуу" гэх газарт "Toyota Prius" маркийн автомашин осолдож жолооч 22 настай эрэгтэй амиа алджээ. Мөн өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Мицибуши маркийн автомашин нь ухрах үйлдэл хийхдээ хоёр настай эмэгтэй хүүхэд мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ. Түүнчлэн 15:10 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцсон жолооч 45 настай эрэгтэй шон мөргөж осол гарган амь насаа алдсан байна.
Цагдаагийн алба хаагчид өчигдөр Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон долоон зөрчлийг гудамж замын камерын хяналт шалгалтаар илрүүлжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ